Sainkho Namtchylak Монголд ирнэ

Хуучирсан мэдээ: 2013.04.15-нд нийтлэгдсэн

Sainkho Namtchylak Монголд ирнэ

Тува улсын дуучин Sainkho Namtchylak буюу Сайнхүү Монголд анх удаа тоглолтоо хийхээр товоо зарлаад байгаа билээ. Тэрээр  энэ сарын 28-нд 19.00 цагт “iLoft Function house”-д “Mother earth, Father sky” тоглолтоо хийх гэж байгаа юм.

Түүний тухай товч танилцуулахад, тэрээр 1957 онд мэндэлсэн, тува үндэстэн. Өдгөө Германд амьдарч, уран бүтээлээ туурвидаг. Sainkho Namtchylak бол ОХУ-ын Ардын жүжигчин, BBC-гээс гаргасан бүх цаг үеийн шилдэг 500 эмэгтэй дуучны нэг юм. Бас энэ цаг үеийн хамгийн сонирхолтой уран бүтээлчдийн нэгэн ч гэгддэг тэрээр Монгол туургатны үнэт өв болох хөөмий, морин хуур, уртын дуу болон Тувагийн үндэсний хөгжмийг жааз, электроник хөгжимтэй хослуулан уран бүтээлээ туурвидаг бөгөөд морин хуур, ардын хөгжмийг дэлхийн урлагийн ертөнцөд таниулж буй. Дорно дахин гэхээсээ илүү барууны хөгжмийн ертөнцөд алдартай түүнийг “Дорнын Бьорк” гэх нь бий. Түүний уран бүтээлүүдийг Avant-Jazz, Electronic, Experimental, Ambient, Folk, Jazz, Reggae зэрэг урсгалуудад багтаадаг. Гэхдээ түүнд хил хязгаар гэж байхгүй. Цэвэр мэдрэмж, сэтгэл хөдлөлөөр өөрийн бүтээлүүдээ дэлгэн харуулдаг нэгэн. Түүний өвөрмөц дуу хоолой, хөг хэмнэл нь шинэ цагийн хөгжмийн урсгалыг хөтөлж байна гэж зарим судлаачид үздэг юм. Тэрээр 1987 оноос бие даасан уран бүтээлээ хийж эхэлсэн бөгөөд өдгөө чөлөөт уран бүтээлч хэмээгддэг. "Stepmother City" цомгоо гаргасны дараа түүнийг "Нүүдэлчний урлагийн эх" хэмээж байв. Өрнө хийгээд дорнын хөгжмийг гайхалтай хоршуулах ч зөвхөн түүний бүтээлээс л сонсох цэвэр өөрийн бүтээлээ туурвидаг Sainko энэ цаг үеийн хамгийн сонирхолтой уран бүтээлчдийн нэг.

Түүний Монголд болох тоглолтыг “Харгислалын театр” зохион байгуулж байгаа аж.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж