“Сэрүүн хасын нууц”-ыг тайлаарай

Хуучирсан мэдээ: 2013.04.15-нд нийтлэгдсэн

“Сэрүүн хасын нууц”-ыг тайлаарай

“Х ТҮЦ”-ийнхэн драмын шинэ бүтээлээ үзэгч олондоо өргөн барихад бэлэн болжээ. Тэд Тайванийн алдарт зохиолч эмэгтэй, өдгөө 75 настай Чюн Яогийн “Сюэкө бүсгүй” зохиолыг “Сэрүүн хасын нууц” хэмээх эмгэнэлт драмын жүжиг болгожээ. Энэ сарын 18-нд СТӨ-нд 19:00 цагаас нээлтээ хийх уг жүжигт “Х ТҮЦ” продашныхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох бөгөөд урилгаар Ардын жүжигчин Н.Сувд, Гавьяат жүжигчин Ш.Дэлгэрцэцэг, жүжигчин Н.Ялалт, н.Эрдэнэ-Очир нар тоглох ажээ. Дөрвөн бүлэг, 13 үзэгдэлтэй том хэмжээний уг драмын бүтээл нь 18 дүртэй бөгөөд олны хэсэгтэйгээ нийлээд гуч гаруй жүжигчид тоглох юм байна. Тайванийн зохиолч Чюн Яо нь “Хуанжу Гэг”, “Шиврээ бороо, шимшрэх сэтгэл” зэрэг киног зохиосон бол түүний “Сюэкө бүсгүй” зохиолын төгсгөлийг нь солиулахын тулд Хятадын ард түмний жагсаал хүртэл болж байсан Дорно дахины сонгодог зохиол ажээ. Уг зохиолыг “Чонон сүлд” романыг орчуулсан Д.Болдбаатар монгол хэлнээ хөрвүүлсэн байна.

“Сэрүүн хасын нууц” эмгэнэлт драмын жүжгийн нээлтийн тасалбарын үнэ 15 мянган төгрөг байх бол цаашдаа арван мянган төгрөгөөр үзэгч олондоо толилуулах гэнэ.

Жүжгийн ерөнхий найруулагч Ч.Найдандоржоос цөөн асуултанд хариулт авлаа.

– Яагаад “Сюэкө бүсгүй” зохиолыг орчуулж, тайзны бүтээл болгохоор шийдсэн юм бэ?

– Ер нь бид нар тайзны бүтээл хийхдээ орлогыг чухалчилж үздэггүй. Драм талдаа ур чадвараа өсгөх, өөрсдийгөө мэргэжлийн төвшний аль шатанд яваагаа мэдэхийн тулд өөрсдийгөө сорьж үздэг. Бид өмнө нь “1-р сарын 16-ны шөнө”, “Аянгын бороо” зэрэг жүжгүүдийг тавьж байсан л даа. Харин энэ удаагийн жүжиг маань маш том хэмжээний бүтээл. Иймэрхүү бүтээлийг УДЭТ-ын хамт олон л барьж авч хийдэг. Гэхдээ драмын театрынхан наяад жилийнхээ хугацаанд ихэвчлэн өрнийн сор болсон сонгодог бүтээлүүдийг тоглож байсан. Харин дорно дахинаас тэр бүр жүжиг тавьж байгаагүй. Энэ нь цаг хугацаа, улс орны найрамдалт харьцаа гээд олон зүйлээс шалтгаалсан байхыг үгүйсгэхгүй. Одоо бол дорно дахинд дэлхийн хэмжээний сонгодог бүтээлүүд байдаг гэдгийг дэлхий нийт ойлгож эхэлж байна. Тиймээс л бид энэ жүжгийг сонгож аваад байна.

-Танай жүжигт найман настай хоёр охин тоглож байгаа гэж сонссон. Хэцүү зүйл гарч байна уу?

-Тийм ээ. Театрын уламжлалаар бол бага насны хүүхдийн дүрд мэргэжлийн жүжигчид тоглодог. Гэтэл манайд ийм жүжигчид ховор. Тэгээд ч энэ жүжиг өөрөө хүүхэд тоглож болохоор бичигдсэн. Хүүхэд тогловол хүний зүрх сэтгэлд илүү хүрнэ гэж бодоод Монголын хүүхдийн ордны драмын дугуйлангаас хоёр охиноо шалгаж авсан. Хүүхдүүд сонирхсон зүйлээ хийх дуртай учраас хүндрэлтэй зүйл гараагүй л байна. “Сэрүүн хасын нууц” жүжгийн арын албаны бүхий л ажлыг жүжигчин Н.Онон хариуцаж, зураачаар нь УДЭТ-ын зураач Б.Ганхуяг ажиллаж байгаа.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж