“Тэнгис”-ийн ээлжит тэсрэлт

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

“Тэнгис”-ийн ээлжит тэсрэлт

“Тэнгис” кино театр байгуулагдсанаасаа хойш үзэгчиддээ олон сайхан кинонуудыг толилуулснаас  гадна шинэ дэвшилтийг өөрийн театртаа нэвтрүүлэн дэлхийн кино урлагийг цаг алдалгүй хүргэсээр ирсэн билээ. Тэдний үзэгчиддээ барьж буй ээлжит бэлэг томоохон тэсрэлтийн талаар тус  театрын марктенгийн албаны дарга Х.Жигжидсүрэнтэй уулзан ярилцлаа.

-Шинээр нэвтрүүлж байгаа 3D технологи бүхий киноныхоо талаар танилцуулахгүй юу?
-Манай кино театр монголд анх удаа 3D технологи нэвтрүүлэн зургаадугаар сарын 1-нд “Шрек: Төгсгөлийн анги” киног хүргэх гэж байна. Хойд Амеркид тавдугаар сарын 21-нд дэлхий даяар “Шрек: Төгсгөлийн анги” кино 3D технологиор нээлтээ хийсэн бол Азид ийнхүү зургаадугаар сарын 1-нд нээлтээ хийх гэж байна.

-3D технологоор кино үзэхэд танай бэлтгэсэн тусгай нүдний шил зүүхэд л хангалттай юу?
-Нүдний шилээ зүүхэд л хангалттай, цаанаас нь бүх тохиргоог нь автоматаар удирдаж тааруулдаг. Тусгай зориулалтын нүдний шил нь нэг бүрийн үнэ нь 110 мянган төгрөг. Бид киногоо үзүүлэхдээ ямар ч барьцаа авахгүй бүх үзэгчдэд зүүлгэж  өгнө. Хамгийн сүүлийн үеийн  технологоор, зөвхөн манай театрт 3D технологиор үзэхэд зориулан хийгдсэн. Өөр газар, гэртээ ч юм уу стереог үзэх боломжгүй.

-Энэ шинэ технологийг нэвтрүүлснээрээ ямар давуу талтай вэ?
-Цаашдаа дэлхийд гарч байгаа бүх 3D кинонуудыг манайд гаргах боломж нээгдэж байгаа. Энэ жил 3D-гээр Холливудад нилээн олон кино хийхээр төлөвлөгдөж байгаа.

-Зургадугаар сарын 1-нээс 3D кино гарч эхлэхээр бусад өдөр тутмын үзвэрүүд яаж явах вэ?
-Зөвхөн хоёрдугаар танхимаа 3D технологоор тогноглосон. Энгийн кино, 3D кино ээлжлэн гарна.

-Тасалбарын үнээ хэрхэн тогтоосон бэ?
-Дэлхий даяар 3D кино өндөр үнэтэй босч байгаа. Иймээс үзвэрийн тариф энгийн киноноос 2-3 дахин илүү үнэтэй байдаг. Манайх бол өнөөгийн Монголын эдийн засгийн байдлыг харгалзан үзээд тасалбар бүрийн үнийг том хүн 6000 төгрөг, хүүхэд 4000 төгрөгөөр үзэхээр байгаа. Энэ бол боломжийн үнэ гэж бодож байгаа.

-Анх хэзээ 3D-гээр кино хийж байсан бэ?
-1950-аад онд энэ технологоор кинонууд дэлхий дээр хийгдэж байсан ч жинхэнэ утгаараа Жеймс Камероны “Аватар” кино хувьсал хийсэн. Ингээд цаашаа 4D, 5D технологиудаар кинонууд туршин хийж байгаа.

-4D, 5D технологиудад нүдний шил хэрэглэх үү? Шинэ технологийн  тухай товч танилцуулахгүй юу?
-4D, 5D технологит нүдний шил зайлшгүй байна. 4D кинонд сандал нь хөдлөх, доогуур нь салхи үлээх гэх мэт зүйлүүд хүмүүст мэдрэгддэг. Дөрвөн хүний багтаамжтай мини жижиг кино театр ажиллаж байгаа. Одоогоор дэлхий дээр ганцхан Японд  5D технологи туршилтын шатандаа явж байна. 5D нь хөдөлгөөнийг мэдрэхээс гадна дэлгэцэн дээр гарч буй зүйлийн үнэрийг давхар мэдрэнэ. Байгалийн дүрслэл цэцэгс харагдаж байхад  цэцэгсийн үнэр дуу, гээд яг тухайн орчныг бүрэн дүүрэн мэдрэнэ гэсэн үг юм.  4D дэлхийн том том “Disneyland”, “Universal Park” зэрэгт байдаг бол, 3D дэлхийн кино театруудад Азийг оруулаад 70 хувь нь 2-3 танхимаа тохижуулан үзүүлээд эхэлчихсэн. 4D, 5D график кинонууд дэлхий дээр туршигдаж байгаа. 3D  технологиор хийгдсэн кино монголд орж ирж байна гэдэг чинь 4D, 5D эхлэх суурь нь тавигдаж байна гэсэн үг. Манайх 3D технологи оруулж ирэн кино гаргаад эхэлж байгаа болохоор Монголын кино бүтээгчид гадныхантай хамтран 3D-р кино хийх боломжуудыг судалж байгаа. Бид үүгээрээ Монголын  үзэгчид, уран бүтээлчиддээ асар их боломжийг нээж өгч байна.

-Танайх киноны багтай, өөрсдөө энэ 3D-р кино хийхгүй юм уу?
-Тийм ээ, манай хүмүүс гадныхантай ярьж үүнийг судалж байгаа. Манай “Тэнгис” кино театр зургаан жилийн өмнө нээгдэснээсээ хойш кино урлагийн түүхэнд хувь нэмрээ оруулсаар ирсэн. Энэхүү 3D технологийг цаг алдалгүй өөрийн оронд нэвтрүүлж байгаа нь дэлхийд нээлтээ хийж байгаа киног азид цуг нээлтийг нь хийх, цаашид том том технологийг нэвтрүүлэх үүд нээгдэж байна гэсэн үг юмаа.

-“Шрек: Төгсгөлийн анги” 3D кино ямар орчуулгатай байх вэ?
-Яг өмнөх “Аватар” кино шиг орчуулгатай гарна. Сонирхуулж хэлэхэд кино компанийн тусгай зааланд гурван жил “Шрек” киноны 3D, 4D технологийг хүний дөрвөн мэдрэхүйд зориулан туршиж байсан. Энэ Шрек киноны төгсгөлийн ангийг маш их туршлагатай хүмүүс олон эффект ашиглан өндөр түвшинд хийсэн. Ер нь 2010-2012 онд олон алдартай киног 3D технологи руу хөрвүүлж байгаа. Жишээ нь хүмүүсийн хамгийн сайн мэдэх “Титаник”, “Кунфу Панда”, “Тоглоомын ертөнц” гээд кинонуудыг 3D технологируу хөрвүүлээд эхэлчихсэн. Энэ нь асар их боломж юмаа.

-“Шрек: Төгсгөлийн анги” 3D киноны нээлт зургадугаар сарын 1-нд болох уу?
-Зургадугаар сарын 1-нд ачаалал ихтэй байх болохоор хүүхэд багачууддаа зориулан шууд гаргаад эхэлнэ. Зургадугаар сарын 3-нд албан ёсоор “Шрек: Төгсгөлийн анги” 3D киноныхоо нээлтийг хийнэ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж