iPad Япончуудыг эргэцүүлэхэд хүргэж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

iPad Япончуудыг эргэцүүлэхэд хүргэж байна

Эхлээд “iPod”-ын “шок” ирсэн. Ингэснээр Япончуудын дуртай төхөөрөмж болох “Sony Walkman” технологийн бүтээгдэхүүн сонирхогчдын дуртай бүтээгдэхүүний жагсаалтаас хасагдсан. Дараа нь “iPhone”-ы “шок” ирсэн. Ингэснээр Японы гар утас үйлдвэрлэгч компаниуд түүнтэй төстэй смартфон үйлдвэрлэхээр хойноос нь дагаж эхэлсэн. Харин өнөөдөр “iPad” Японд худалдаанд гарч эхэлснээр техник, технологиор дэлхийд толгой цохидог Япончуудад нэгийг бодоход хүргэж байна.
Зураг дээр: 19 настай Такачио Яманака лхагва гаригаас хойш  Токио хотын “Apple Ginza” дэлгүүрийн гадаа суун iPad худалдаж авахаар хүлээсэн гэнэ.

Өнөөдрөөс “iPad” таблет компьютер Япон болон Азийн бусад найман оронд худалдаанд гарч эхэлж байгаа бөгөөд одоогийн байдлаар АНУ-д сая гаруй хувь зарагдаад байна. Японд “iPad”-ын эрэлт маш их байгаа тул тус компьютерийг Японд борлуулах үйл ажиллагаа явуулж байгаа “Softbank” компани ердөө гурван өдөр захиалга аваад л захиалгаа зогсоосон байна. Токио хот өнөөдөр “iPad”-аар амьсгалж байгаагаас харахад нэгэн цагт технологийн шинэ хандлагыг тодорхойлдог байсан энэ улс одоо технологийн дэвшил, шинэ нээлтүүдээр тэргүүлж чадахаа больжээ гэсэн дүгнэлт хийхэд хүрч байна.

Японы цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч “Sony”, “Panasonic” компаниуд Азийн бусад оронд хямд бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудад цохиулаад байгаа. Өмнөд Солонгосын “Samsung Electronics” компани дэлхийн хавтгай дэлгэцтэй телевизийн зах зээлийн бараг 25 хувийг эзэлж, энэ зах зээл дээр тэргүүлж байна. Персональ компьютерын зах зээл дээр АНУ-ын “Hewlett-Packard” тэргүүлж байгаа бол хоёрдугаар байранд Тайваний “Acer” орж байна. Дэлхийн зах зээлд эзлэх хэмжээгээрээ “Acer” компани компьютер үйлдвэрлэлээрээ Японд тэргүүлдэг “Toshiba” компаниас хоёр дахин том байна.
Үүний хажуугаар Японд үйлдвэрлэсэн цахилгаан бараанууд шинэлэг байдал, дэвшлээрээ “Apple” гэх мэт Америкийн компаниудын хойно хоцорч байна. “iPod” одоо Японы дижитал хөгжим тоглуулагч зах зээл дээр тэргүүлэгч байр суурьтай байна. “iPhone” гар утсанд япончуудын гар утсандаа хэрэглэх дуртай олон функц байдаггүй хэдий ч “iPhone” япончуудын дунд маш их амжилттай зарагдаж байгаа бөгөөд энэ оны гуравдугаар сарын 31 хүртэлх нэг жилийн дотор “Apple” компани Японд 1.69 сая гар утас зарснаар Японы смартфон гар утасны зах зээлийн 72 хувийг эзэлж ноёрхоод байна.

Токио хотын төвд байдаг “Apple Store” дэлгүүрт 1200 орчим хүн шинээр худалдаанд гарч буй “iPad”-ыг худалдан авахаар очерлоод байна. “Apple цаг ямагт намайг гайхшруулж байдаг” гэж Токио хотын нэгэн прогрессив рок хамтлагийн дуучин 38 настай Саюури Аруга ярьж байна. Түүнд хэд хэдэн “iPod”, бас нэг “iPhone” гар утас, нэг “MacBook Air” бий. Тэрээр WiFI загварын “iPad” худалдаж авахын тулд дөрөвдүгээр сард АНУ-ын Сан Франциско хотруу нисч очсон бөгөөд одоо “3G” загварын “iPad” авах гэж байна гэж тэр ярьсан. Тэр дэлгүүр нээгдэхээс дөрвөн цагийн өмнө үүрийн дөрвөн цагт “Apple”-ын дэлгүүрийн гадаа ирж дараалалд зогссон гэнэ. “Би үүн дээр бүх зүйлээ хийх болно, юм уншина, дуугаа бас бичнэ. Юунд ч ашиглах боломжтой” гэж тэр ярьж байна.

Мичико Уено 26 настай, дизайны чиглэлээр суралцдаг оюутан. Тэр өчигдөр оройны есөн цагаас Apple дэлгүүрийн гадаа ирж дугаарлаж зогссон гэнэ. Японы компани “iPad” шиг төхөөрөмж түрүүлж зохион бүтээгээгүйд жаахан харамсаж байгаа гэж тэр ярьсан. “Америкчууд хол илүү түрүүлчихсэн юм шиг надад санагдаж байна. Энэ бол шинэ төхөөрөмж төдийгүй сэтгэлгээний шинэ хэлбэр” гэж тэр ярьж байна.

Гэвч баасан гаригийн өглөө хүн болгон биширсэн хандлагатай байсангүй. “Таблет компьютер уу? Надад ахиад өөр ямар нэг төхөөрөмж хэрэггүй” гэж 43 настай Тошихико Сакай ажилдаа явах замдаа ярьж байна.
Пүрэв гаригийн өглөө “Sony” компани яарч сандран хэвлэлийн бага хурал хийсэн бөгөөд тэгэхдээ цахим ном уншигч болон онлайн контент татаж авдаг платформ Япон, Хятад болон өөр бусад гурван улсад байгуулах гэж байгаа. Түүнээс хойш удалгүй АНУ, Канад болон Европын бусад оронд нэвтрүүлж эхлэх гэж байгаа талаараа мэдээлсэн. “Бизнесийн энэ салбарын өрсөлдөөн зөвхөн Японд ч биш, дэлхий даяар улам халуун болж байна. Зах зээл хөөрөлтийн шатандаа байгаа бөгөөд бид удахгүй өөрсдийн нүүдлээ хийх болно” гэж “Sony Electronics” компанийн дэд ерөнхийлөгч Фужио Ногучи сэтгүүлчдэд ярьсан байна.

Өмнө нь зөвхөн өөрсдийн бүтээсэн компьютерийн тоглоомны “Wii” консолд зориулж тоглоом үйлдвэрлэдэг байсан “Nintendo” “iPad”-д зориулж тоглоом гаргасан бол  түүний хойноос гар утасны тоглоом бүтээгч “Konami Digital Entertainment” компани шил даран энэ жил гаргасан “Metal Gear Solid Touch” тоглоомнийхоо “iPad”-д зориулсан хувилбарыг худалдаанд гаргаад байна. “Capcom” компани мөн энэ жишгийг дагаж байгаа бөгөөд “BioHazard-4” тоглоомынхоо “iPad”-д зориулсан хувилбарыг удахгүй гаргах болно гэж мэдэгдсэн.

Үүний хажуугаар онлайн контент үйлдвэрлэх гэж нэг их яарахгүй байсан Японы хэвлэл, нийтлэлийн салбарынхан өөрсдийн номуудын цахим хувилбарыг “iPad”-д зориулж гаргах шуурга өрнүүлээд байна. Эмэгтэйчүүдийн сэтгүүл гаргадаг “Shufunotomo” компани “iPad”-д зориулж 50 сэтгүүл болон бусад номуудаа цахим хэлбэрээр унших боломжтой болгож байгаагаа мэдэгдсэн. “Yahoo Japan” компани “iPad”-ыг ашиглан 100 комикс үнэгүй унших боломжтой гэж зарласан.
Өдөрт найман сая хувь захиалагддаг гэсэн үзүүлэлтээрээ Японы хоёр дахь том хэвлэл гэж тооцогддог Асахи Шимбун сонины газар, гар утасны “KDDI”, хэвлэлийн “Toppan Pronting”  зэрэг компаниуд “Sony” компаний цахим уншигч платформыг ашиглах болно гэж өчигдөр хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж