УИХ-ын сонгуулийн 26-р тойргийн хорооны дарга М.Баасандорж “Сонгогчдын ирц өглөөний 12.00 цагийн байдлаар сайн байсан ч үдээс хойш буурах хандлагатай болсон. 20.00 цаг хүртэл нэмж дунджаар 10 гаруй мянган санал өгөх төлөвтэй байна” гэсэн мэдээллийг 18.30 цагийн үед өгөв. Дахин санал хураалтын явцад нэр дэвшигчидтэй холбоотой гомдол, санал хэд хэд ирснийг Цагдаагийн байгууллага болон Тагнуулын ерөнхий газарт мэдэгдэж, гомдлыг шалгаж байгаа аж. "Эцсийн дүн нэгтгэж гараагүй учраас хаана, ямар зөрчил гарсан талаар мэдээлэх боломжгүй" гэж тойргийн хорооны дарга хэллээ.
Тус тойрогт нийт 80 хэсгийн хороонд 160 санал авах машин ажиллуулсан байгаа. Одоогоор саналын машин эвдэрсэн, гацсан зэрэг тохиолдол гараагүй байна. Хэрэв санал тоолох машинд ямар нэг асуудал үүсэхгүй бол 22.00 цагийн орчимд санал хураалтын эцсийн дүн гарах боломжтой гэсэн урьдчилсан мэдээлэл байна. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт АН-аас нэр дэвшсэн Л.Эрхэмбаяр, МАН-аас нэр дэвшсэн Д.Сумъяабазар нар УИХ-ын гишүүний төлөөх дахин санал хураалтад өрсөлдсөн билээ.