Г.Өсөхбаяр Барнео баазыг зорилоо

Хуучирсан мэдээ: 2013.04.14-нд нийтлэгдсэн

Г.Өсөхбаяр Барнео баазыг зорилоо

Дэлхийн бөмбөрцгийн зулайд хүрэх түүхэн аяллаа эхлүүлээд буй Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр өнгөрсөн шөнө багийн бусад гишүүдийн хамт Норвегийн Лонгиэрбайн хотоос Барнео баазыг зорьжээ. Лонгиэрбайн нь Норвегийн хамгийн хойд захын жижиг хот бол Барнео нь Хойд туйлд хамгийн ойр орших мөсөн дээрх ОХУ-ын хувийн эзэмшлийн түр бааз юм.

Хойд туйлын 90 градуст хүрэх аялалд мордсон багийнхан дөрөвдүгээр сарын 7-нд Лонгиэрбайн хотод нэгдэж, хамтарсан бэлтгэл хийж буй. Гурав хоногийн хугацаанд туйлын нөхцөлд бэлтгэл хийгээд, дөрөвдүгээр сарын 10-нд аяллаа эхлүүлэхээр төлөвлөж байсан ч цаг агаарын байдлаас шалтгаалж аяллыг хойшлуулжээ. Гэхдээ экспедицийнхний хувьд ямар ч аялал цаг агаарын байдлаас шалтгаалдгийг сайн мэдэх тул дор бүрнээ хувийн бэлтгэлээ базааж, аялалдаа бэлтгэж буй тухай Хойд туйлын экспедицийн блогт мэдээлжээ.

Хойд туйлын аяллын багт Англи, Австрали, АНУ, Португали зэрэг орны найман тамирчин багтсан юм. Гавьяат тамирчин Г.Өсөхбаярын хувьд Эверестийн оргилд хоёр удаа гарсан болон Хойд Америкийн ноён оргил Маккенли /өндөр 6195 метр/, Африк тивийн ноён оргил Килиманжаро, /өндөр 5895 метр/, Европ тивийн ноён оргил Эльбрус /өндөр 5642 метр/-ын оргилд гарсан амжилтаараа Хойд туйлын багт нэгдээд буй өөрийн багийн тамирчдаас гуравдугаарт орж байна.

Монгол хүн анх удаа Хойд мөсөн далайг туулж, дэлхийн бөмбөрцгийн хамгийн хойд цэг болох Хойд өргөргийн 90°-т хүрнэ гэдэг бол түүхэн аялал. Цэнхэр гаригийн цаст зулайд Монгол хүн хөл тавих анхны аяллыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санаачилсан бол Ерөнхий зохион байгуулагчаар Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Спортын бэлтгэлийн төв, хэвлэл мэдээллийн түншээр Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, харилцаа холбооны түншээр “Мобиком” корпораци ажиллаж, “Мах импекс” компани, Өмнөговь аймгийн нутгийн зөвлөл аяллыг дэмжин, оролцож байгаа юм.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж