Хотынхон түншүүдтэйгээ зөвлөлдлөө | News.MN

Хотынхон түншүүдтэйгээ зөвлөлдлөө

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

Хотынхон түншүүдтэйгээ зөвлөлдлөө


“Улаанбаатар хот-Түншүүдийн зөвлөлдөх  уулзалт” Их тэнгэр цогцолборт болж байна.  Уулзалтын эхэнд  Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Аршад Сайед нар үг хэлж, амжилт хүссэн юм. Өнөөдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод улсын нийт хүн амын 40,5 хувь буюу 1 сая 111 мянган хүн байнга оршин сууж байгаа ажээ. Нийслэлийн нэг иргэнд ногдох ДНБ-ий хэмжээ 2031 ам.долларт хүрч, нэг өрхийн сарын дундаж орлого улсын дунджаас 20,3 хувиар их, ядуурлын төвшин бусад бүстэй харьцуулахад хамгийн бага буюу 20,9 хувьтай байгааг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр хэлсэн үгэндээ онцолсон. Ийнхүү нийгэм, эдийн засгийн бүхий л үзүүлэлтээр Улаанбаатар хот улсдаа тэргүүлж байгаа ч хэт төвлөрөлөөс үүдсэн элдэв асуудал мундахгүй их байгааг ч хотын мэр түншүүдээсээ нуугаагүй юм. Тулгамдсан хүндрэл бэрхшээл хийгээд хийж бүтээхээр төлөвлөсөн ажлуудаа олон усын байгууллага, гадаадын элчин сайд нарт дуулгаж хамтран ажиллах саналаа тавихын дээр гарцаа тодорхойлох нь энэ удаагийн уулзалтын зорилго байлаа. Уулзалтад Дэлхийн банк, Олон улсын валтын сан, Жайка, Тика зэрэг олон улсын байгууллагууд гэхчилэн донор орнуудын төлөөлөл оролцож буй юм. Улаанбаатар хотыг үндсэн дөрвөн чиглэлээр хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулаад байгаа бөгөөд энэ чиглэлээр хийх ажлаа түнш байгууллагынхандаа тодорхой танилцууллаа. Нийгмийн салбарт боловсролын асуудлыг эн тэргүүнд тавьж буйг нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаа танилцуулсан. Өнөөдөр нийслэлийн нийт хүн амын 70 хувь нь 35 хүртэлх насны хүүхэд залуучууд эзэлдэг. Гэтэл нийслэлийн хэмжээний 210 сургуулийн 50 гаруй хувь стандартын шаардлага хангахгүй байранд байгаагийн дээр 10 гаруй сургууль спорт заалгүй ажээ. Цэцэрлэгт 48 мянган хүүхэд хүмүүжиж байгаа нь нийт хүүхэд багачуудын ердөө 40 хувь ажээ. Тиймээс шинээр 64 цэцэрлэг байгуулах шаардлагатайн дээр 65 цэцэрлэг тоглоомын талбайгүй, 37 нь шугам сүлжээнд холбогдоогүй байдаг байна. Энэ бүхэнд анхаарлаа хандуулахыг хотын орлогч хандивлагчдаас хүслээ. Түүнчлэн эрүүл мэнд, дэд бүттцийн салбарт хийхээр төлөвлөсөн, хийх шаардлагатай ажлуудыг ч мөн танилцууллаа.

Д.Цээпил

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

www.Freecall.mn 2010-05-28 182.160.33.173

Hizgaargui yarih erh chelee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж