30 гаруй компанийн хувьцаа идэвхитэй арилжигдаж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

30 гаруй компанийн хувьцаа идэвхитэй арилжигдаж байна

“Компанийн засаглалд Хөрөнгийн биржийн гүйцэтгэх үүрэг ” сэдэвт дугуй ширээний ярилцлага  өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд боллоо. Уг ярилцлагад Казахстан улсын Хөрөнгийн биржийн захирал асан, санхүүгийн профессор Азамат  Жолдашбеков,Санхүүгийн  зохицуулах хорооны ажилтан С.Тулгаа тэргүүтэй албаны хүмүүс сэтгүүлчидтэй уулзсан юм. Хөрөнгийн биржүүд нь бүртгэлтэй компаниудынхаа  мэдээллийг нээлттэй, ил тод байлгах зорилгоор  стандарт мөрдүүлснээр  компанийн засаглалыг хянах чухал үүрэг гүйцэтгэдэг байна. 1991 онд Монголын Хөрөнгийн биржийг  төрийн өмчид аж ахуйн нэгж хэлбэрээр  байгуулсан нь компанийн засаглалыг  хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан аж.  Одоогоос хоёр жилийн өмнө МХБ-д 345 компани бүртгэлтэй  байсан бол өнөөдрийн байдлаар 342 компани бүртгэлтэй байгаа  гэнэ.  Мөн түүнчлэн одоогоор 200 гаруй хувьцаат компанийн хувьцааг МХБ дээр арилждаг боловч ердөө 30 гаруй компанийн хувьцаа идэвхитэй арилжигдаж байгаа аж.  Өнөөдөр 200 гаруй мянган хувьцаа эзэмшигч, компанийн  засаглал сул байгаа, өөрсдөө хувьцаа эзэмшигчийнхээ үндсэн эрх үүргийг  сайн мэддэггүй гэх шалтгаанаар ногдол ашгийг авдаггүй байна.  Мэдээлэл нь хаалттай нөхцөлд хөрөнгийн биржүүд нь боломжийн дээд үнэ тогтоож чаддаггүй, үүнээс үүдэн зах зээл дээр хөрөнгө босгох боломж бүрдэггүй аж.  Тиймээс хувьцаат компаниудын  мэдээллийн ил тод байдлыг хангах үр дүнтэй хууль журам бий болгосноор хөрөнгийн бирж нь зах зээлд компанийн засаглалыг бэхжүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, эдийн засгийн зохицуулалтыг багасгах зэрэгт чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг ярилцлаганд оролцогчид онцолсон юм.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж