Чингис хааны мэндэлсэн өдөр сарыг тогтоожээ

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

Чингис хааны мэндэлсэн өдөр сарыг тогтоожээ

Хэсэг судлаач эрдэмтэн эзэн богд Чингис хааны мэндэлсэн он, сар, өдөр, төрсөн газрыг албан ёсны болгож баталгаажуулах ажил хийжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч ажлын хэсэг гаргаж энэ ажлыг хийлгэсэн юм байна. Энэ талаараа тэд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Академич Ш.Бира, Д.Цэрэнсодном, доктор С.Чулуун, Д.Базаргүр нарын есөн эрдэмтэн ажлын хэсэгт орж ажиллаад Чингис хаан  Тэмүүжин билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд төрсөн хэмээн тогтоожээ. Төрсөн газрыг Хэнтий аймгийн Дадал сумын нутагт байгаа Онон, Балж хоёр голын боомын ойролцоо Дэлүүн болдог гэжээ.
Их хааны мэндэлсэн өдрийг “Монголын бахархал өдөр” хэмээн нэрийдэж бүх нийтээр тэмдэглэхээр болсон байна.

Гэхдээ мэндэлсэн өдрийг туйлын үнэн гэхгүй байгаа бөгөөд өөр санаа байхыг үгүйсгэхгүй гэв. Эртний найман эх сурвалжийн тавд Чингис хааны төрсөн өдрийг өвлийн эхэн сарын шинийн нэгэн, хоёрт нь зуны дунд сарын улаан тэргэл өдөр буюу 16 гэж бичсэн байдаг ажээ.

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж