Макаогийн багтай хийх тоглолтыг хойшлуулжээ

Хуучирсан мэдээ: 2013.04.12-нд нийтлэгдсэн

Макаогийн багтай хийх тоглолтыг хойшлуулжээ

Азийн хөлбөмбөгийн холбооны 14-өөс доош насныхны аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Хонгконгийг зорьсон Монголын өсвөрийн шигшээ багийн тамирчид өнөөдөр хуваарийн дагуу Макаогийн багтай эхний тоглолтоо хийх байсан ч тоглолтыг хойшлуулжээ. Монгкок цэнгэлдэхэд болохоор төлөвлөгдөөд байсан "Н" хэсгийн Монгол ба Макао /орон нутгийн цагаар 15.00 цагт/, Япон ба БНАСАУ /17.30 цагт/-ын багийн тоглолтыг товыг цаг агаарын байдлаас шалтгаалан тодорхой бус хугацаагаар хойшлуулжээ. Зохион байгуулагчдын зүгээс цаг агаарын болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж, тоглолтын албаны хүмүүс, шүүгчид, багийн гишүүдтэй уулзаж, ойлголцсоны дүнд дээрх арга хэмжээг авсан байна. Харин дөрөвдүгээр сарын 13, 14 болон 16, 17-нд товлогдсон тоглолтын хуваарьт өөрчлөлт ороогүй ажээ.

Азийн хөлбөмбөгийн 14-өөс доош насныхны аварга шалгаруулах тэмцээнд нийт 43 улсын шигшээ багийн таимрчид найман хэсэгт хуваагдан өрсөлдөж буй юм. Монголын багийн тухайд "Н" хэсэгт Япон, БНАСАУ, Хонгконг, Макаогийн багтай сугалаа таараад байна. Тэмцээний хуваарийн дагуу Монголын өсвөрийн хөлбөмбөгчид энэ сарын 14-нд Япон, 16-нд БНАСАУ, 17-нд Хонгконгийн багтай тус тус тоглох хуваарьтай байна.

Азийн аваргад оролцож буй Монголын шигшээ багийн ахлагчаар Монголын хөлбөмбөгийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн А.Ганбаатар, дасгалжуулагчаар спортын мастер Г.Донтор, туслахаар спортын мастер Б.Батболд нар ажиллаж  байна.

С.ЦЭЛМЭГ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж