Шувууны ханиадаар Хятад улсад есөн хүн нас бараад байсан бол 10 болж нэмэгдлээ. Шанхай хотод амьдардаг байсан 74 настай эрэгтэй шувууны ханиадын улмаас өчигдөр орой нас баржээ. Зүүн хятадын нутаг дэвсгэрт энэ өвчний халдвар авсан тохиолдол 38 болж нэмэгдсэн байна. Яг одоо орон нутгийн эмнэлэгт маш хүнд байдалтай хоёр хүн хэвтэн эмчлүүлж байна. Өвчлөгсдийн дийлэнх нь 60-аас дээш насны хүмүүс байгаа аж. Яг энэ үйл явдалтай холбож Хонгконгт онц байдал зарлахаар болжээ. Мөнхүү Хятадын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг түргэн хоолны цэг, амьтны дэлгүүр, шувуу худалдаалдаг бүх дэлгүүрийг хааж, тахиа шувууны махыг бүрэн устгалд оруулж байгаа аж. Цаашид энэхүү өвчлөлийн тоо Хятад даяар нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ өвчний талаар яаралтай хурал зохион байгуулахаар болжээ.
Б.СҮХ