Марк Цукерберг “LinkedIn”–ийг үндэслэгч Рид Хоффман, “Dropbox”-ын гүйцэтгэх захирал Дрю Хьюстон зэрэг хүмүүстэй хамтран “FWD.us” улс төрийн бүлгийг байгуулжээ. “FWD.us” бүлгийн даргаар Марк Цукербергийн найз, “Causes.com”-ыг үндэслэгч Жое Грин ажиллах бөгөөд албан газраа Сан-Франциско дахь Цахиурын хөндий болон Вашингтон хотод байгуулсан байна.
Түүнчлэн байгуулагдаад удаагүй “FWD.us” улс төрийн бүлгийн үйл ажиллагааг дэмжин “Google”-ийн захирал Эрик Шмидт, “Yahoo”-гийн захирал Марисса Майер, “Tesla” болон “SpaceX”-ыг үндэслэгч Элон Маск, “Airbnb”-ын гүйцэтгэх захирал Брайн Чески, “Netflix”-ын гүйцэтгэх захирал Рид Хастингс зэрэг нөлөө бүхий эрхмүүд хэдийнэ хандив өргөөд байгаа гэнэ. Гэхдээ одоогоор тус бүлгийн санд хэр хэмжээний хандив цугласныг нууцалж байгаа аж.
Марк Цукерберг АНУ-ын цагаачлалын бодлогод шүүмжлэлтэй ханддаг нэгэн бөгөөд Засгийн газрыг цагаачлалын асуудалд хачин, ойлгомжгүй бодлого барьж байна хэмээн буруушаажээ. Түүнчлэн тэрээр өөрийнхөө элэнц, хуланц нь цагаач иргэд байсан хэмээгээд, “Бидэнд эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийг тэргүүлэхэд шаргуу хөдөлмөрч, авьяаслаг хүмүүс хэрэгтэй. Бид шилдэг хүмүүсийг сургаж, өөрийн улс руу тэднийг татах хэрэгтэй. Бидэнд маргааш удирдагч болох чадвартай дунд сургуулийн сурагчид хэрэгтэй” гэж ярьсан байна.