“Салса”-д саатсан үдэш

Хуучирсан мэдээ: 2013.04.12-нд нийтлэгдсэн

“Салса”-д саатсан үдэш

“iLoft Function house”-ын бүжгийн талбайд долоо хоног бүрийн пүрэв гаригийн үдэш Куба, Латин Америк, Африк хөгжмийн цоглог, хөнгөн ая эгшиглэн “И-расс, и-расс…нэг, хоёр, гурав…Алив залуус аа хөгжмийн хэмнэлээр хөнгөн хөдлөөд гараа хослуулан хөдөлгөөрэй. Харц дээгүүр, хүчтэй…, илүү хурдан… болж байна бүсгүй минь. Эргэлзэх хэрэггүй дээ чи чадна залуу минь” хэмээх бүжгийн багш залуугийн цоглог дуу тэнд цугласан залуусыг хөглөнө. Энэ бол гайхамшигт, Салса бүжгийн үдэш.

Тэд пүрэв гариг бүрийг тэсэн ядан хүлээдэг залуусаар өдөр ирэх тусам хүрээгээ тэлсээр. Салса бүжгийн үдэшт таван мянган төгрөгийн тасалбар төлөөд л та бүтэн оройн турш бүжиглэн, шинэ бүжиг сурч, цагийг хөгжилтэй өнгөрүүлнэ. Бүжиг бол ядаргаа тайлах хамгийн сайн арга. Тэр тусмаа хөнгөн бүжгийн цоглог аялгуунд бүжих залуусыг харсан хэн ч суудалдаа удаан тогтон сууж чадахааргүй тийм л үдшийг салса бүжгийнхэн танд олгоно. Мэргэжлийн бүжгийн сургалтын хоёр ч төвийн багш сурагчид энэ танхимд таныг хөглөн салсад “уруу татах” учраас та бүжиглэж чадахгүй ганцаараа байж хосоороо бүжиглэдэг бүжигт яаж ч очих билээ гэж санаа зовох хэрэггүйг онцлон хэлэх хэрэгтэй болов уу. Ердөө л долоо хоногт бүрийн пүрэв гаригт өөртөө зав гарган “iLoft Function house”-ыг зориорой.

Салса бүжиг 1940-өөд оны үед Куба улсад үүссэн хосын бүжгийн төрөл юм. Латин Америкийн бусад бүжгийг бодвол хөдөлгөөн нь энгийн хялбар учраас дэлхийн өнцөг булан бүрт хурдтай тархан залуусыг өөртөө соронзон мэт татсаар байна.

Анх Куба улсад үүссэн энэ бүжиг одоо Латин Америк, Хойд Америк, Европ, Австрали мөн Азийн зарим орнуудаар өргөн тархсан бүжгийн төрөл болон хөгжжээ. Тийм ч учраас улс үндэстний онцлогоос хамаарч маш олон урсгал болон салбарласан байдаг. Колумб, Казино, Нью-Йорк, Латин, Порто Рико стилийн салсаг жишээ болгон дурдъя.

Салсагийн хөдөлгөөн нь ерөнхийдөө Куба үндэстний бүжгээс эх авсан байдаг. Тогтсон хөдөлгөөн, дүрэм журам гэж байдаггүй учир хөгжмийн хэмнэлд тохируулан өөрийнхөөрөө, яаж ч бүжиглэж болдог.

Салса нь цөөхөн үндсэн хөдөлгөөнтэй. Тиймээс сурахад хялбар бүжгийн тоонд ордог. Ерөнхийдөө дөрвөн хэмнэлд гурван товшилтот, найман хэмнэлд зургаан товшилтот хөдөлгөөн хийдэг хурдан хэмнэлт бүжиг. Мөн энэ бүжигт гарны хөдөлгөөн маш чухал үүрэгтэй. Гарын уян хатан хөдөлгөөнаар хамтрагчаа урин дуудаж буйгаа илтгэж, бүжгийг жолооддог. Салса гэдэг нь Куба хэлний “Халуухан” гэсэн утгатай үг гэсэн шүү. Тиймээс үүнийг тайзан дээрхи “секс” ч гэж нэрлэх нь бий.

Турах нь толгойны өвчин болоод үнэтэй эм бэлдмэл хэрэглэж байгаа хэн хүнд зөвлөхөд бүжиг бол хамгийн хялбар эрүүлээр турах арга хэмээн салсагийн багш нар зөвлөсөн шүү. Эрч хүчтэй, тачаангуй, шийдэмгий, энэ гайхамшигт бүжиг цагт дор хаяж 420 калорийг шатаана. Тиймээс идэвхитэй хөдөлгөөн эрэлхийлж байгаа хүмүүст тохиромжтой. Хурдан хэмнэлт салсагаар хичээллэснээр хөдөлгөөний эвсэл, урлагийн мэдрэмжтэй болж, бие сэтгэлийн тайвшралыг олох болно. Бүжгээр хичээллэдэг хүмүүс хэзээд өөдрөг, өөртөө итгэлтэй, амьдралын баяр баясгалантай байдгийг мэднэ биз дээ?

Төгс бие галбир, эрч хүч, сээтэгнэл, урин дуудал, хурдан хэмнэл энэ бүгд салсад багтана. Салса бүжиглэж байгаа хэнийг ч харсан та өөрийн эрхгүй хөлөө дороо товшилж, түүний хурд хүчинд уусан автах мэдрэмж төрнө гэдэгт эргэлзэх хэрэггүй. Тэр өөрөө л таныг соронзон мэт татан хөгжмийн хэмнэлд автуулан өөртөө дурлуулдаг гайхамшигт өд мэт хөнгөн, салхи мэт хурдан бүжиг.

“iLoft Function house”-д пүрэв гариг бүрт 19.00 цагаас мэргэжлийн бүжигчдийн “Cuban Salsa” үдэшлэг болдог. Энэ үеэр мэргэжлийн бүжигчид нь ирсэн зочдод бүжгийн хөдөлгөөнөө зааж өгч хамтран бүжиглэдэг учраас та хамт явах хос байхгүй хэмээн юм уу би бүжигтээ маруухандаа хэмээн өөрийгөө голох хэрэггүй. Хөгжилтэй, хөнгөн, цоглог, эрч хүчээр асах салса бүжгийн үдэшт та таван мянган төгрөгийн тасалбараар нэвтрэн нэгэн оройг бүжгийн спортоор хичээллэж стрессээ тайлаарай. Өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн “iLoft Function house”-д салса бүжгийн үдэш тогтмол болж байгаа учраас хэдийнээ салсад дурлагсад тэнд л цуглах болжээ. Өө тийм, бүжгийн хичээл пүрэв гариг бүрийн 20.00 цагт эхлэх учраас та цагтаа ирээрэй. Харин хичээлийн дараа хөнгөн Латин Америк, Куба хөгжим эгшиглэн та сурсан хөдөлгөөнүүдээ энэ л хэмнэл дор эрх дураар бүжээрэй.

Зургийг ЭНД дарж үзнэ үү.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж