УИХ-ын 2012 оны хаврын чуулганаар байгаль орчныг хамгаалах, байгалийнхаа нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон эрх зүйн орчныг бий болгох чиглэл бүхий Байгаль орчны багц хуулийг баталсан билээ. Шинээр батлагдан мөрдөгдөж байгаа энэ хуулийг орон нутагт сурталчлах үүрэг бүхий ажлын хэсэг БОНХ-ийн сайдын тушаалаар байгуулагдлаа. БОНХЯ-ны газрын дарга, мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг Улаанбаатар, баруун, зүүн, төв, хангай, говь гэсэн зургаан бүсэд хуваагдан байгаль орчны хуулиудыг сурталчлах юм. Өнөөдөр ТЗУГ-ын дарга Н.Дүгэрсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг баруун бүс нутгийг зорилоо. Завхан аймагт болох хууль сурталчлах ажилд Завхан, Баян-өлгий, Ховд, Говь-Алтай, Увс аймгуудын Засаг даргын Тамгын газрын хуулийн хэлтсийн мэргэжилтнүүд, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд, Мэргэжлийн хяналтын газрын ажилтнууд, Монголын байгаль орчин, иргэний зөвлөлийн төлөөлөл хамрагдах юм. Энэ сарын 16-наас Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Л.Батжаваар ахлуулсан ажлын хэсэг Зүүн бүс /Хэнтий, Дорнод, Сүхбаатар/ Хэнтий аймагт байгаль орчны хууль сурталчлах бол Төвийн бүс /Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Булган, Төв аймаг/ Орхон аймагт энэ сарын 22-ноос Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбатаар ахлуулсан ажлын хэсэг ажиллана. Хангайн бүс /Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Баянхонгор/ Өвөрхангай аймагт хууль сурталчлах ажил энэ сарын 23-наас эхэлнэ. Ажлын хэсгийг Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Т.Эрдэнэчимэг ахлах юм. Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь аймгийг хамарсан говийн бүсэд хууль сурталчлах ажлыг энэ сарын 29-нөөс ирэх сарын гурван хүртэл Говьсүмбэр аймагт хийнэ гэж БОНХЯ-ны хэвлэл мэдэллийн албанаас манайд мэдээллээ.
Д.ЦЭЦЭН