Хятад ажилчид амиа хорлох болсны учрыг тодруулж байна | News.MN

Хятад ажилчид амиа хорлох болсны учрыг тодруулж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.28-нд нийтлэгдсэн

Хятад ажилчид амиа хорлох болсны учрыг тодруулж байна


Лианг Чао Хятадын хаа сайгүй
байдаг хүмүүсийн нэгэн адил жирийн л нэг тариачны хүү бөгөөд илүү дээр
амьдрал хөөн хотод хүрч ирсэн. Ингэхдээ тэрээр эдийн засгийн хувьд
эрчтэй хөгжиж буй өмнөд Хятадын Шенжен хотод хүрч ирж “Apple”, “Dell”,
“Hewlett-Packard”, “LG”, “Samsung” зэрэг компаниудтай гэрээтэй ажилладаг
Тайваний “Foxconn” компанийн үйлдвэрт ирж ажиллажээ.

Харамсалтай
нь илүү дээр амьдрахаар сонгосон түүний амьдралын зам тийм ч урт
байсангүй. Энэ оны тавдугаар сарын 14-нд дөнгөж 21 настай тэрээр
амьдардаг үйлдвэрийнхээ дотуур байрны долдугаар давхраас унаж амиа
алдсан бөгөөд энэ нь амиа хорлолт байсан гэж орон нутгийн цагдаагийн
газар тогтоосон байна. Лиангын үхэл Фоксконн компанийн ажилтнуудын амиа
хорлосон ес дэх тохиолдол байсан. Түүнийг оролцуулаад тоолбол нийт арван
нэгэн ажилтан байшин дээрээс үсэрснээс ес нь амиа алдаж хоёр нь амьд 
үлджээ.

Фоксконн компанийн хэвлэлийн төлөөлөгч Лиу Кун “Нас
барсан есөн ажилтан сэтгэл зүйн болон хувийн асуудлууд, эрүүл мэндийн
асуудлаас болж шаналсантайгаа холбоотойгоор амиа хорлосон гэсэн дүгнэлт
цагдаагийн газар гаргасан” гэж ярьсан. Лиангийг амиа хорлосноос хойш
хэдхэн өдрийн дараа Фоксконн компанийн өөр нэг ажилтан Шенжений
үйлдвэрийн комплекс дээрээс унаж амиа алдсан бөгөөд энэ нь сүүлийн таван
сарын дотор гарч байгаа 10 дахь үхэл болж байна.

Эдгээр
явдлуудыг Хятадын хэвлэл мэдээллээр өргөнөөр бичиж байгаа бөгөөд
хөдөөнийхөн хэрхэн хотод ирж суурьшихаар оролдож, хотын соёлд дасахаар
оролдож байгаа хүмүүст тулгарч байгаа хүндрэлүүдийн тухай асуудлыг
хөндөж байна. Фоксконн дэлхийн хамгийн том цахим хэрэгслийн
үйлдвэрлэгчдийн нэг. Тус компаний  Хятад дахь байдаг салбаруудад 800,000
хүн ажилладгийн 420,000 нь Шенжен хотод байдаг бөгөөд тэдний ихэнх нь
үйлдвэр дээрээ ажиллаж, үйлдвэрийнхээ дотуур байранд амьдардаг. Үнэндээ
тэд ажиллаад л, унтаад л, ажиллаад л, унтаад л байдаг гэж “Си Эн Эн”-ий
сурвалжлагч ярьж байна.

Ажилчид яагаад амиа хорлоод байна вэ
гэдэгт бодитой хариулт одоогоор алга байна. Ажилчиддаа бид сайн ханддаг,
амиа хорлоход нь хүргэдэг өөр олон бусад хүчин зүйл байгаа бололтой гэж
Фоксконн компанийн удирдлагууд ярьж байна. “Ажилтнууд ихэнхдээ нэг
газар долоо хоногийн 24 цагийг өнгөрүүлдэг гэдэг нь үнэн. Зарим залуу
ажилтнууд хамт амьдардаг өрөөнийхнийхөө нэрийг ч мэдэхгүй бөгөөд
хоорондоо төдийлөн харилцдаггүй. Тэгээд чөлөөт цагаараа компьютер дээр
юм хийх юм уу гар утсаараа оролддог бололтой. Ажилчдын олонхи нь хөдөө
орон нутгаас ирсэн бөгөөд хотын амьдралд дасах нь хүнд байгаа бололтой”
гэж “Си Эн Эн” агентлагийн сурвалжлагч ярьж байна.

Хятадын
төрийн тэргүүн Дэнг Сяопин эдийн засгийн нээлттэй хаалганы шинэчлэлийн
бодлого 1978 онд эхлүүлснээс хойш Хятадын нийгэм эдийн засагт ихээхэн
өөрчлөлт гарсан. Өнгөрсөн 30 жилийн дотор Хятадын нийгэмд 19-р зууны үед
Европт аж үйлдвэрийн хувьсгал явагдах үед олон сая фермерүүд хотуудруу
нүүж байсан шиг нийгмийн өөрчлөлт ажиглагдаж байна. Зарим хүмүүс жижиг
хотод ажилд орж нүүрсний уурхайд ажилд орохоос өгсүүлээд тахианы фермд
хүртэл ажиллаж байна. Харин бусад нь Бээжин, Шанхай, Шенжен зэрэг том
хотуудад очихыг сонгож байгаа бөгөөд тэнд үйлдвэрт, дэлгүүрүүдэд,
ресторануудад ажилд орж байна.

Өнгөрсөн жил гаргасан
судалгаагаар Хятадад 150 сая тариачин “лиудонг ренкоу” хэмээн нэрлэдэг
шилжин нүүдэллэгсдийн эгнээнд багтаж хөдөө аж ахуйн бус ажилд шилжин
ажиллажээ. Шилжин нүүдэллэсэнтэй холбоотойгоор 300 сая Хятад иргэн
туйлын ядуурлаас гарсан гэж тооцоолж байгаа. Түүнчлэн Хятадын хотууд
урьдхаасаа илүү хөгжиж, нийгмийн дунд давхарга бүрэлдэн бий болж байна
гэж ярьж байна. Гэвч ямар ч өөрчлөлтийн үед гардагчлан Хятадын
шинэчлэлээс хожигчид ч, хожигдогсод ч гарсан. Эдийн засаг хурдтай
давшингуй хөгжиж байгаатай холбоотойгоор орлогын зөрүү нэмэгдэж,
нийгмийн сөрөг үзэгдлүүд нэмэгдэж байна.

“Манай оронд ядуу
хүмүүс маш олон, харин баян хүн харьцангуй цөөхөн байна. Үүнтэй
холбоотой үзэн ядах үзлүүд газар их авч байна” гэж Бээжингээс Фоксконн
компани дээр ирж ажиллаж буй сэтгэл судлаач Сю Хаоюан ярьж байна.
Гэрээсээ хол ажиллаж амьдарч байгаа шилжин суурьшигчид шинэ орчинд
дасахгүй хөндийрөх үзэгдэл ажиглагдаж байгаа бөгөөд тэр бүр сэтгэл
судлаачийн тусламж авч чадахгүй байна гэж мэргэжилтнүүд ярьж байна.
Фоксконн компани ажилчдынхаа хувийн амьдралыг сайжруулахын тулд чөлөөт
цагаар нь үйл ажиллагаанууд зохион байгуулж, сүнслэг талыг нь
хөгжүүлэхийн тулд Буддын лам нарыг авчирч уулзалтууд хийхээс гадна 24
цагийн сэтгэл зүйн тусламжийн утас ажиллуулж эхлээд байгаагаа мэдэгдсэн.
Өнгөрсөн нэг сарын дотор 30 орчим хүн энэ утасруу ярьж сэтгэл зүйн
тусламж авсан байна. Тусламж авсан хүмүүсийн ихэнх нь сэтгэл нь
хөдөлсөн, хувийн асуудал, эсвэл гэр бүлийн ядуурал, эсвэл дарга
даамалдаа загнуулсан зэрэг асуудлаас болж хямралд орсон байсан гэж Лиу
ярьсан.

Шаардлагатай тооны сэтгэл зүйчид олдохгүй байсан тул
Фоксконн компани барьц алдсан байна. Сүүлийн хорин жилд тус компанид
үүнтэй төстэй явдал тохиолдож байгаагүй гэнэ. Барууны орнууд зах зээлийн
эдийн засагт орох үед тэдэнд үзэл бодлын систем, шашин шүтлэг гэж
байсан. Харин Хятадад тийм зүйл байхгүй. Зуун жилийн дотор үүнийг арчиж
хаясан. Соёлын хувьсгалийн үеэр Мао дарга Конфуцийн үзлийг устгасан.
Маог нас барсны дараа олон хүн түүний үзэл бодлыг орхисон. Гэсэн ч одоо
үзэл суртал итгэл үнэмшлийн хувьд бүх зүйл бантан болсон. Үүнтэй
холбоотойгоор хүмүүс янз бүрийн авир гаргаж байна. Зарим хүмүүс одоо
“роу руо чианг ши” гэдэг үзэл баримталдаг болсон. Энэ нь “хүчгүй нь
хүчтэйдээ идэгддэг”  гэсэн үзэл. Энэ бол “хамгийн хүчтэй нь амьд үлдэнэ”
гэдгээс ч дор үзэл гэж Сю ярьж байна.

Сэтгэл судлаачид болон
нийгмийн ажилтнууд хүмүүс өөрсдийгөө болон эргэн тойрныхныгоо хорлосон
үйлдэл сүүлийн үед хийдэг болсон талаар ярьсан. Тавдугаар сарын 11-нд
Хятадын Шаанкси мужид 48 настай хүн хүүхдийн цэцэрлэгт дайран орж долоон
хүүхэд, хоёр эмэгтэйг гал тогооны хайчаар бүлж алаад дараа нь амиа
хорлосон хэрэг гарсан. Үүнтэй төстэй хэрэг хэд дахин дараалж гарсан
бөгөөд сургуулиуд дээр гарсан таван хэргийн улмаас 17 хүн амиа алдсан.
Сургуулиудад гарсан хэргийн талаар Хятадын ерөнхий сайд Вэн Жиабао
Хонг-Конгийн ТВ-ээр хэлсэн үгэндээ “Аюулгүй байдлын арга хэмжээ
авахынхаа хажуугаар бид эдгээр асуудлын ул суурь болсон нийгмийн
асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарах болно. Бид нийгмийн сэтгэлийг зовоож
байгаа асуудлууд болон маргаантай байдлыг нэг тийш шийдвэрлэх болно ”
гэж мэдэгдсэн байна.

Эдгээр асуудлуудад социологичид, сэтгэл
судлаачид хариулт хайсаар байна. Зарим нь Хятад дахь сэтгэл зүйн
үйлчилгээ доогуур байгааг буруутгаж байна. Бээжин хотод байрладаг Амиа
хорлохоос урьдчилан сэргийлэх төв 2005 онд Хятадад 173 сая хүн сэтгэцийн
өвчинтэй байгаагаас 158 сая нь эмнэлгийн мэргэжлийн тусламж огт авч
чадахгүй байгаа гэсэн судалгаа гаргасан. Мэргэжлийн төвшинд бэлтгэгдсэн
ажилтнууд хангалтгүй байна. Том эмнэлгүүдэд ч гэсэн мэргэжилтнүүд
хүрэлцэхгүй байгаа бөгөөд орон нутагт суурилсан сэтгэл зүйн чиглэлийн
зөвлөгөө үйлчилгээ алга байна. Сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүс өөрсдийгөө
тийм гэж  мэдэхгүй, найз нөхөд нь ч гэсэн мэдэхгүй байна гэж
мэргэжилтнүүд ярьж байна.

Фоксконн компанийн ажилтнуудын тухайд
гэвэл асуудалд орсон хүмүүс хэнд юунд хандахаа, хэрхэн сэтгэлийг нь
зовоож байсан асуудлаас гарах арга замаа олохгүй байсан бололтой гэж
зарим сэтгэл судлаачид үзэж байна. Хятадад хүмүүс өөрсдийн үзэл бодлоо
чөлөөтэй илэрхийлэх боломжгүй нь тэднийг сэтгэл санаагаа уудлах
боломжгүй болгож хаагдмал нөхцөл байдал бүрдүүлдэг. Жишээ нь үзэл бодлоо
илэрхийлэх жагсаал цуглаан ч зохион байгуулах эрхгүй байдаг гэж Хонг
Конгын их сургуулийн сэтгэл судлаач Мей Лам “Си Эн Эн” агентлагт өгсөн
ярилцлагынхаа үеэр ярьж байна.

Т.Бадрах

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хбрөахброёөаыбр 2010-05-28 202.72.247.219

yostoi aimar yum aa хятадууд airai engej boloxgvi shdeee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж