Эмэгтэй хүн ажиллаж болно. Гэхдээ гэр бүлээ тэжээх шаардлагатай л бол ажилла. Харин нөхөр нь хангалттай мөнгө олдог бол гэртээ суугаад, хүүхдүүдээ өсгөж өндийлгө гэдэг байв.
Ер нь л улстөрд орох гэсэн эмэгтэйчүүдийг хэн ч таатай хүлээн авахыг хүсдэггүй байсан юм.
Тэгвэл Тэтчер парламентад ороод зогссонгүй. Тэрээр улстөрийн хатуу ширүүн тулаанд карьерын хамгийн оргилд нь гарч, Ерөнхий сайдын албан тушаалд томилогдож, Английн улстөрч эрчүүдийн хийж чадаагүй хамгийн чухал хэрнээ хүнд хэцүү шинэчлэлүүдийг хийсэн билээ.
Тэрээр нэг л далайлтаар эрх мэдэлгүй, сул дорой, бүгдэд таалагдахыг хичээдэг, сэтгэл хөдлөлөө барьж чаддаггүй зэрэг эмэгтэй хүний тухай хэвшсэн ойлголтыг эвдэж хаясан.
“Эрэлхэг” хэмээх үгийг эрчүүдэд л зориулж бүтээсэн мэт. Гэтэл тэр хатуухан шинэчлэлийн замыг сонгож, Британийн мэргэжлийн холбоод, хэвлэл, парламентыг өдөөж чадсан. Ингээд ч зогссонгүй. Фолклендийн дайныг саная л даа. Аргентинчууд тухайн үед британичуудыг ил цагаан дайн явуулах хангалттай шийдэмгий биш гэж тооцож байв. Гэвч тэд Маргарет Тэтчерийг дутуу үнэлжээ.
Маргарет Тэтчер амжилтад хүрсэн улстөрч төдийгүй self-made woman буюу чадвараараа гарч ирсэн хүн байсан. Тэр Жавахарлала Неругийн охин Индира Ганди шиг хэн нэгний төрөл төрөгсөд байсангүй. Бас хатан хааны эзэнт гүрний төлөөлөгч, элит гэр бүлээс гаралтай нэгэн ч байгаагүй юм.
Хуурай хүнсний мухлагийн эзний охин тэрээр сургуульдаа сайн сурч, химич судлаачаар шаггүй ажиллаж байхдаа улстөрийг давхар сонирхох болжээ. Харин дараа нь тэрээр дараа нь хуульзүйн боловсрол эзэмшиж, хүчээ үзэхээр шийдсэн байна. Түүнийг Уинстон Черчилль шиг эхний удаад сонгоогүй юм. Гэхдээ энд ч бас “Ямар нэгэн зүйлд хүрэхийг хүсч байвал эхний ялагдал улам хурцалдаг” гэх түүний зан чанар илэрч буй.
Ёжтой лейбористууд түүнийг “Консерватив намын цорын ганц эр хүн” гэж хочилдог байлаа. Хэдий тийм ч Тэтчер эмэгтэйлэг бус болчихоогүй юм. Тэрбээр хоёр ихэр сайхан хүүхэд төрүүлж, донжийг нь тааруулан чамин хувцаслаж, нөхөртөө оройн хоолыг нь хийж өгөхийг хичээж, хүүхдүүддээ хэтэрхий бага цаг зарцуулж байгаад санаа зовнидог байсан. Тийм ээ, эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай улстөр, бизнесийн карьер хөөснөөр гэр бүлдээ хүссэнээрээ цаг гаргах боломж олддоггүй билээ.
Гэвч үүнийг яах ч аргагүй. Энэ бол амьдралын зарчим. Та сэтгэл татам зүйлээсээ хэр татгалзаж чадна, төдий чинээ амжилтад хүрнэ. Харин хүүхдүүдтэйгээ харилцана гэдэг хүний сэтгэлийг хамгийн их татдаг зүйл билээ. Би ч бас үүнд цаг гаргахыг хичээдэг. Ингэхдээ дандаа л цаг бага гаргаж байна гэсэн мэдрэмжтэй үлддэг юм.
Тэтчерийн хувьд амжилттай улстөрч байсан. Үүнийг ч англичууд баталж, түүнд болон намд нь итгэдгээ нэг бус удаа харуулсан. Тэрээр төр улсаа 11 жил толгойлсон бөгөөд Европын улстөрийн лидерүүдээс нэг нь ч түүн шиг ийм удаан итгэл хүлээж байгаагүй юм. Түүний дараа Ангела Меркель, Аргентины Ерөнхийлөгч Кристина Киршнер, Пакистаны Ерөнхий сайд Беназир Бхутто зэрэг хүмүүс улстөрд эмэгтэйчүүд яаж амжилтад хүрдгийг баталсан. Энэ бол миний санаанд хамгийн түрүүнд орж ирж буй эмэгтэйчүүд. Үүнээс гадна өдгөө улс орноо толгойлж буй эмэгтэйчүүд хэдэн арваараа бий. Энэ бүхэн дэлхийн гуравдугаар дайнд л хүргэчихгүй бол шүү дээ.
Миний бодлоор Орост ч гэсэн эмэгтэй Ерөнхийлөгч, ядаж Ерөнхий сайд сонгох цаг болсон мэт санагддаг. Өнөөдөр Оросын улстөр ганц бие эр хүн олон жил амьдарсан “бардак” амьдрал шиг л болжээ. Ийм амьдралд зөвхөн оршин суугч нь л ойлгох эмх замбараагүй байдал үргэлжилдэг билээ. Манай улстөрчдөд итгэл найдвар, шинэ урам зориг хэрэгтэй. Оросын Ерөнхийлөгч Тэтчер шиг шийдэмгий, Диана гүнж шиг загварлаг, Беназир Бхуто шиг дипломатч, Мишель Обама шиг бахархмаар байх хэрэгтэй. Харамсалтай нь өнөөдөр яг ийм хүн харагдахгүй байна. Гэхдээ энэ нь тийм хүн гарч ирэхгүй гэсэн үг биш юм.
Нэг үгээр хэлэхэд, эмэгтэй Ерөнхийлөгчийн эрэлд…
Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"