МАХН эрх баригчдын бусармаг үйлдэл, ард түмний өрөвч сэтгэлийн уулзвар дээр тоглож чадсанаар УИХ-д чамгүй суудалтай болж чадсан. Мэдээж хэрэг хамгийн олон суудал авсан Ардчилсан намын ураг барилдах сүй бэлэгт татгалзаагүй. Ингэснээрээ эрх баригчдын нэгэн болсон нь маргашгүй үнэн. МАХН-ын хувьд Шадар сайд, Сангийн яам, Эрүүл мэндийн бодлогыг тодорхойлоод зогсохгүй хэд хэдэн дэд сайдын суудалтай болсон. Мэдээж хэрэг эдгээр албан тушаалтнууд салбартаа босоо тогтолцоог хэрэгжүүлж, боловсон хүчний халаа сэлгээг хийн өөрсдийнхөө хүмүүсийг байршуулж байгаа. Гэхдээ засагт орохдоо ганц л болзол намын даргаасаа сонссон аж. Албан тушаал дээр тавих хүмүүсийг зөвхөн намын даргад танилцуулж, “виз” авах журмыг мөрдөхөөр болжээ. Н.Энхбаяр дарга энэ боловсон хүчний бодлогоо “алтан хайрцаг” хэмээн өхөөрдөн нэрийджээ. Энэ үг ч дорхноо намын дотор тарснаар уг алтан хайрцагт багтахын тулд амь тэмцэн өрсөлдөж эхэлсэн байна. Өөрийн намын хүмүүс төдийгүй өрөөлийн намын хүмүүс ч уг алтан хайрцагт багтахын тулд нэр нүүрээ хугалахаас буцсангүй. Өнгөрөгч намар Монголбанкны Ерөнхийлөгч асан Пүрэвдоржийн хүү тэргүүтэй 30-аад залуу төрөлх МАН-аа орхин дуу шуутайгаар шинэхэн МАХН-ыг сонгосон билээ. Энэ нь шударга бус явдалтай үл эвлэрч, үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн гэдгээсээ илүүтэйгээр дарга төрүүлдэг алтан хайрцагны даллаганд автсандаа холбоотой. Үүн дээр баримт түшье.
МАХН-ын дайчин байлдагч Чимэдсүрэн нэгэнтээ шинээр ирэгсдэд уурсахдаа “та нар биднийг тэмцэж байхад хаана байсан юм, одоо та нар албан тушаал горилж ирээ биз дээ” хэмээн довтлож байсан удаатай. Өнөөдөр МАХН нэгэн гэр бүлийн нам боловч олон мянган гишүүд, дэмжигчидтэй учраас хагаралдахын зовлонг амсаж эхэлжээ. Үнэн хэрэгтээ эгэл жирийн гишүүдийнх нь хувьд ямар ч хагаралдаангүй. Харин удирдлагууд, намын байрыг тойрон эргэлдэгсэд, УИХ-д суугаа гишүүд, албан тушаал горилогчдын хувьд эвдрэлцээн нэгэнт бий болжээ. Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн зүгээс Эрүүл мэндийн сайд Н.Удвал руу довтлоод байгаагийн учир шалтгаан нь зөвхөн нөхрийг нь суллах эсэхэд хүчин зүтгэснээс гадна бас бус зүйл байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар Д.Тэрбишдагва 70-аад хүн, Ч.Улаан, Н.Удвал нар 60 илүүтэй хүнийг албан тушаалд тавиад байгаа аж. Харамсалтай нь Н.Удвал дарга, түүний эхнэр нарын “алтан хайрцаг”-т багтсан хүмүүсийг бус өөрийн үзэмжээр толгой мэдэн томилгоо хийж байгаа нь ажааг /тус намынхан О.Цолмонг ингэж нэрлэдэг/ уурсахад хүргэжээ. Мөн Д.Тэрбишдагва ч гэсэн том толгой гарган зарим томилгоогоо өөрөө хийсний улмаас үе үе хэвлэлийн дайралтад өртдөг байна. Хаа очиж хашир хүн гэсэндээ Ч.Улаан “алтан хайрцаг” дахь хүмүүсийг үг сүггүй дэвшүүлдэгээрээ бүтэн нойртой хонож явна. Гэхдээ мань эр үүндээ эрдээд хэн нэгнээс хамааралгүй хүчирхэг бие хүн болж харагдахын тулд намынх нь гишүүд чуулганы нээлтийг орхиж гарахад үлдэж хоцроод буруутаж байна. Хүн гэдэг сансар огторгуйг эзэмшсэн гайхалтай адгуус хэрнээ зарим зүйл дээрээ дэндүү өчүүхэн. “Алтан хайрцаг” гэдэг монгол хүний хувьд ямар муухай үг гэдгийг мэддэг хэрнээ тийшээ орох гээд зүтгээд байдаг. Энэ бүхнийг би цээжний бангаар бичсэнгүй. Нэгэн танил маань тус намд бүр эхнээс нь явсан юм. Зүтгээд л байсан, зүтгээд л байсан. Гэвч бялуу хүртсэнгүй. Боломжийн ажил хийх санаатайгаа Шийлэгдамба даргад цухуйлгахад “та даргын алтан хайрцагт ороогүй байна шүү дээ. Өшөө их зүтгээд бай. Тэгвэл аяндаа даргад анзаарагдаад алтан хайрцагт орно” гэж хэлсэн гэнэ. Мань эр ч цөхрөхөөсөө илүү алтан хайрцаг гэдэг үгнээс сэжиглэсэн учраас албан тушаалд хүрэх хүсэл мөрөөдлөө орхисон тухайгаа ярьсан билээ. Энэ хүний хувьд бүр эхнээс нь бие сэтгэлээ зориулсан. Гэтэл өлсгөлөн зарласан нэг авгай Баянхонгорын мэргэжлийн хяналтын даргаар очсон сураг дуулаад бүр ч гутарчээ. Тэрээр “манай дарга уг нь шүтлэгтэй хүн. Алтан хайрцаг гэдэг зохимжгүй үг гэдгийг мэдсээр атал ингэж нэрлэж байгаа нь учиртай. Бодвол албан тушаалын хэнээтэй хүмүүсийг тохуурхахдаа ингэж нэрлэсэн байх” хэмээн хэлсэн билээ. Магадгүй юм. Эсвэл өөр санаатай ч байж болох. Бүр юу ч бодолгүй гоё үг болохоор нь хэрэглэсэн байхыг ч үгүйсгэх аргагүй. Гэхдээ л МАХН-аас албан тушаал авч байгаа хүн бүхэн Н.Энхбаярын алтан хайрцаг гээч юманд орсон гээд бодохоор өмнөөс нь яс хавталзах юм. Ер нь ганц МАХН ч бус эрх баригч Ардчилсан намын хувьд ч гэсэн албан тушаалд хүрэх гэсэн зуйрган хүмүүсийн бүхэл бүтэн арми бий болжээ. Н.Энхбаярыг бодоход Н.Алтанхуягийн алтан ч юмуу, мөнгөн ч юмуу хайрцаг мангар том байгаа байх даа.
Эх сурвалж: www.orloo.info