МАХН-ынхан дөнгөж сая Улсын мөрдөн байцаах газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын Дээд шүүх гэсэн маршрутаар жагсаал хийж, тус газруудын үүдэнд шар цэцэг “өргөцгөөв”. Энэ талаараа тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба “Амны билгээс ашдын билэг гэж ярьдаг ухаантай хүмүүс тул бид эсэргүүцлээ тайван жагсаал цуглаан байдлаар хийж байна. Бид хэн нэгнийг доромжлох гэж энэ арга хэмжээг хийгээгүй. Яг өнөөдрөөс жилийн өмнө долдугаар сарын 1-ний асуудлыг дэлгэн тавьснаараа, Оюутолгой Тавантолгойг хэрхэн гадныхантай нийлж ард түмнээс луйвардах гэснийг ярьсных нь төлөө МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэлмэгдүүлсэн. Шар цэцэг нь муу муухай зүйлд эмгэнэл илэрхийлэх гэсэн утгыг илэрхийлж байгаа юм. Иймд бид хэлмэгдүүлэлт байгаад нь эмгэнэл илэрхийлж байгаа юм. Өөр бусад олон хүмүүсийг дахин битгий хэлмэгдээсэй гэсэн утгатай” гэв.
Мөн намын даргатайгаа хамгийн сүүлд хэзээ уулзсан талаарх асуултад “Би өчигдөр орой уулзсан. Биеийн байдал нь хүнд байгаа. Эмч нарын дүгнэлтийг үндэслэж шийдвэр гарахгүй байна. Тэр хүн манай намын дарга хэвээр байгаа. Иймд намын даргатай ажил ярьж таарна. Шударга ёсны төлөө илэрхийлж байгаа дуу хоолойныхоо талаар танилцуулж таарна. Тэр хүн тэндээс зохион байгуулаад байгаа юм биш шүү дээ. Бидний олон мянган хүмүүс нүдтэй чихтэй, Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Иймд бид эрхээ эдэлж байна. Эрхээ эдлэх тухайгаа танилцуулсан” гэв.
Б.МАНДАХ