Дэлхий даяар "Gangnam Style”-ийг моодонд оруулж, Гиннесийн дээд амжилтын номонд бүртгүүлсэн Өмнөд Солонгосын реппэр PSY дуучин YG-гийн хамт мөдхөн сонсогчдын хүртээл болгохоор зэхэж буй шинэ дууныхаа клипний зураг авалтын зургаас твиттертээ байрлуулжээ. PSY гурав хоногийн өмнө “Gentleman” хэмээх шинэ дуугаа цацахад бэлэн болсон гэдгээ зарласан юм. Тэрбээ өчигдөр “kpopstar”-т өгсөн ярилцлагадаа шинэ уран бүтээлээ Сөүлийн цагаар энэ сарын 12-13-нд шилжих шөнө онлайнаар болон бусад эх сурвалжаар цацаж, дэлхийн 119 орны сонсогчдын хүртээл болгоно хэмээжээ. Гэхдээ клип нь түүний маргааш болох “Happening” нэртэй бие даасан тоглолтын дараа олны хүртээл болох гэнэ.
PSY мөн дээрх ярилцлагынхаа үеэр энэ сард АНУ, тавдугаар сард Европоор, зургадугаар сард Азиар аялан тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаа тухайгаа дуулгажээ. Юутай ч түүний “Gentleman” нэртэй бүжгийн хэмнэлтэй шинэ дуу дахин хөгжим сонирхогчдын дунд тэсрэлт хийнэ гэдэгт өөрөө ч итгэлтэй байгаа гэнэ.