Гэгээн хайрын эмгэнэлт түүхийг өгүүлэх "Бахчисарайн оргилолт булаг" балет маргааш Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа дахин амилах гэж байна. Энэхүү балет 57 жилийн тэртээ буюу 1956 онд зургадугаар сарын 18-нд балетмейстер Алла Викторовна Хабаевагийн дэглэлтээр Монголын тайзнаа анх удаа тавигдаж байжээ. Уг балетад хайрт залуу, эх орноосоо харамсалтайгаар хагацаж, харийн хааны хайрыг татсан үзэсгэлэнт бүсгүй Мариягийн тухай өгүүлнэ. Тэрээр харийн хааны ордонд хайртай залуугаа санагалзан, хааны түүнийг гэсэн хайр сэтгэлээс татгалзаж, дурласан залуудаа үнэнч үлдэх хэдий ч харамсалтайгаар хааны хатны гарт хорлогдон хорвоог орхидог. Б.Асафьевын "Бахчисарайн оргилолт булаг" балет нь Монголд европ урсгалыг оруулж ирсэн анхны балет юм. Монголын сонгодог урлаг тэр тусмаа балетын урлагт гайхамшигт хөгжим, тайзны чадварлаг драматизмыг оруулж ирснээрээ өвөрмөц үнэ цэнэтэй болсон гэж мэргэжилтнүүд үнэлдэг билээ.
Г.ДАША