Чилид оюутнууд дахин цагдаа нартай мөргөлджээ

Хуучирсан мэдээ: 2013.04.12-нд нийтлэгдсэн

Чилид оюутнууд дахин цагдаа нартай мөргөлджээ

Чилийн олон мянган оюутнууд өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр нийслэл Сантьяго хотноо боловсролын шинэчлэлт шаардан жагсаал хийж, цагдаа нартай мөргөлдсөнөөр нэг цагдаа гэмтэж, 60 хүн баривчлагдан саатуулагдсан билээ. Тэгвэл Чилийн оюутнууд өчигдөр дахин нийслэл Сантьяго хотноо жагсаал цуглаан хийж, цагдаа нартай мөргөлдсөн байна. Боловсролын шинэчлэлтийн төлөөх оюутнуудын жагсаал энэ удаад 100 мянга гаруй хүнийг хамарсан тухай ВВС мэдээлжээ.

Чилийн цагдаа нар болон уурлаж бухимдсан жагсагчдын хоорондох ширүүн мөргөлдөөний улмаас найман цагдаа гэмтэж бэртсэн ба 109 хүн баривчлагдан саатуулагдсан байна. Чилийн албаныхны мэдээлснээр гэмтэж бэртсэн цагдаа нарын нэгнийх нь биеийн байдал маш муу байгаа ба тэрээр нэгэн жагсагчийн цацсан хүчилд түлэгдсэн аж. Цагдаа нар жагсагчдыг тараахын тулд өндөр даралттай усаар шүршиж, нулимс асгаруулагч хий ашиглажээ. Түүнчлэн оюутнуудын боловсролын шинэчлэлийн төлөөх жагсаал эцэстээ олныг хамарсан эмх замбараагүй байдал болон хувирснаас жагсагчдын хөлд Сантъяго хотын замын гэрлэн дохио, замын тэмдэг тэмдэглэгээнүүд ихээр сүйдсэн байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж