Энэ бол өчигдөр Тусгаар тогтнолын ордонд нээлтээ хийсэн “Найзууд” театрынхан “Такт продюсинг”-ийн уран бүтээлчдийн хамтын бүтээл Францын зохиолоос сэдэвлэсэн инээдмийн, романтик “Гэнэтийн бэлэг” мюзиклийн нэгээхэн хэсэг. Залуусын хайр сэтгэл, өнгө мөнгө, түүний үнэ цэнийг харуулсан уг мюзиклийн гол дүрд Цэнгэлд жүжигчин, хөтлөгч Э.Ууганбаяр, түүний ээжид УДЭТ-ын жүжигчин Б.Нармандах, Цэнгэлийн ах Жаргалд “Guys” хамтлагийн дуучин, жүжигчин Д.Лхагваа болон найз бүсгүй Нараад “Киви” хамтлагийн дуучин Ука, Намараад УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг, Навчаад загвар өмсөгч П.Шүүдэрцэцэг нар тоглосон юм.
Уг мюзиклийн дууны хөгжмийг хөгжмийн зохиолч, продюсер Оки бичжээ. Тэрээр анх удаа жүжгийн дүр бүрт зориулан сэтгэл хөдлөл, онцлогийг нь товойлгон харуулсан хөгжилтэй дуунуудыг зохиосон нь үзэгчдээс өндөр үнэлгээ авсан юм. Тиймдээ ч үзэгчид дуу, бүжгийн гайхалтай хослуулсан уг жүжгийн турш уран бүтээлчдэд алга ташилтаа харамгүй хайрласан.
Жүжиг эхлэхээс л үзэгчид тайзнаа гарч ирсэн уран бүтээлч бүрийг алга ташилтаар угтан авч байлаа. Магадгүй тэднийг тайзны уран бүтээлээр хараагүй удсан нь ийн үзэгчдийн дунд хүлээлт үүсгэсэн болов уу.
Та амьдралдаа нэг өдөр дараалан хоёр, түүнээс дээш “Гэнэтийн бэлэг” хүлээн авч байсан уу. Цэнгэлийн хувьд амьдрал тэр чигээрээ төлөвлөгөө байлаа. Харин энэ өдөр зөвхөн түүнд л ирсэн гэнэтийн бэлгүүд ар араасаа цуварна. Цэнгэл шаггүй сэргэлэн залуу. Гэхдээ энэ олон ээдрээтэй, хөгжилтэй бэлгүүдийн учрыг олохдоо тэрээр ээж, Жаргал ахынхаа туслалцааг авна. Түүний хэрхэн хөглөж, олон бэлэгтээ бялуурч байгааг харахыг хүсвэл өдөр бүр 19.00 цагт Тусгаар тогтнолын ордонд задрах “Гэнэтийн бэлэг” жүжигт саатаарай.
Зургийг ЭНД дарж үзнэ үү.