МАХН-ын дарга Н.Энхбаярыг Авлигатай тэмцэх газраас баривчлан саатуулснаас хойш яг нэг жилийн хугацаа өнгөрч байна. Эл үйл явдалтай холбогдуулан МАХН-аас өнөөдөр янз бүрийн арга хэмжээ зохион байгуулж байна. Яг одоо МАХН-ын гишүүд, дэмжигчид Сүхбаатарын талбайд шар цэцэг барьж жагсч буй юм. Энэхүү шар цэцгээ тэд шүүх, прокурорын байгууллагын гадаа аваачиж цацна гэдгээ өнөөдөр намынхаа төв байранд хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн. Хэвлэлийн бага хуралд Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын дэд дарга Л.Цог, Сангийн сайд Ч.Улаан, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ-ын гишүүн Ц.Цолмон, О.Баасанхүү, намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нар оролцож, “МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэлмэгдүүлж байна. Энэхүү улстөрийн хэлмэгдүүллээ эрх баригчид зогсоохгүй байгаа тул баривчлагдан саатуулагдсан энэ өдөр намын зүгээс тодорхой арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн. Тиймээс хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг, өргөж, шүүх, прокурорынхон үнэн зөв шийдвэр гаргаагүй учраас шар цэцэг цацаж эсэргүүцлээ илэрхийлнэ” хэмээн мэдэгдсэн юм. Энэ хүрээнд МАХН-ын гишүүд дэмжигчид Сүхбаатарын талбайд жагсч байна.
Г.ДАРЬ