Н.Алтанхуягийг огцруулах хүсэлтээ УИХ-д хүргүүлэв

Хуучирсан мэдээ: 2013.04.12-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуягийг огцруулах хүсэлтээ УИХ-д хүргүүлэв

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах саналаа дөнгөж сая УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу Ерөнхий сайд Н.Алтанхуягт хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй гэж МАН-ын гишүүд үзэж байгаа юм байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Үндсэн хууль зөрчсөн, Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдан ажилласан өнгөрсөн найман сар гаруйн хугацаанд улс орны эдийн засаг хүндэрч, бараа, бүтээгдэхүүний үнэ өсч, гадаадын хөрөнгө оруулалт хумигдаж, төрийн алба төрлийн, танилын алба болж хувирсан тул огцруулах ёстой хэмээн мэдэгдэж байсан юм. Энэхүү огцруулах бичигт УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс  25 гишүүн гарын үсэг зурсан аж.

Огруулах саналыг бичгээр хүргүүлсэн бөгөөд ирэх долоо хоногт холбогдох байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ гэж УИХ-ын дарга З.Энхболд мэдэгдсэн байна. Хуулийн дагуу энэ асуудлыг долоо хоногийн дотор байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, дахин долоо хоногийн хугацаанд чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх аж. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг ирэх 14 хоногийн дотор УИХ шийдвэрлэх ёстой юм.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж