Түүхэн сэдэвт бүтээлийн тухайд хөгжмийн зохиолч, найруулагч Б.Чинбатын “Аравт” киноны хөгжмөөс, мөн төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шаравын Чингис хааны тухай “Үхэж үл болно” киноны хөгжмийн хэсгээс үзэгч олонд хүргэнэ гэсэн шүү.
Түүнчлэн, гадаадын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүд тус чуулгын уран бүтээлд томоохон байр эзэлдэг. “Playing love-III”-аараа Оросын хөгжмийн зохиолч Ю.Антоновын “Чамайг даа” хүүхэлдэйн киноны хөгжмөөс сонсгохоор бэлтгэсэн бөгөөд өнөө цагийн алдарт хөгжмийн зохиолчдоос Ханс Зимер, Дэвид Арнолд, Клаус Баделт, Жон Уильямс, Энио Морриконе нарыг сонгосон байна. Тэдний “Карибын тэнгисийн дээрэмчин”, “Гладиатор”, “Жэймс Бонд”, “Гэйшагийн дурсамж”, “Сайн, муу, хэрцгий” зэрэг бүтээлийг хөгжимдөн сонсгох нь ээ.
Энэ жил тоглох бүтээлүүдийн хөгжмийн найруулга дээр хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, удирдаач Д.Түвшинсайхан, хөгжимчин Б.Шинэбаяр, Э.Оюунтуяа, Н.Жигжиддорж, Баярхүү, Т.Пүрэвсүх нар ажиллажээ. Бидний сайн мэдэх “Чамайг даа” хүүхэлдэйн киноны хөгжмийн найруулгыг төгөлдөр хуурч, хөгжмийн найруулагч Т.Пүрэвсүх сонсч хийжээ. Олон хүний нөр их хөдөлмөрөөр боссон “Playing love-III” тоглолт үзэгч түмний оюунд цэнэг, сэтгэлд гал нэмэн өнөөдөр эгшиглэх гэж байна.