Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Говьд үзсэн наадам

Намрын сэрүүн орохтой уралдан говьд очоод ирлээ. Гурван жилийн өмнө дайраад өнгөрсөн өмнийн цэнхэр говьд намар зочлох сайхан гэнэ. Найзууд ийн ярина. Угаасаа хангайн хүнд говийн гэсэн бүхэн сонин санагдах учир уртын урт суналзах “дэржиг­нүүртэй” шороон зам, уул толгод алсарсаар угтах шаргал тал, бүгээн салхи, ургамал, чулуу, агаар нь хүртэл надад “шинэ ертөнц” байлаа.

Бидний зорьсон газар Өмнөговь айм­гийн Баян-Овоо сум. Тэр нутагт хөтөлсөн хүмүүс бол энэ нутгийн эгэлгүй хүчтэний нэг аймгийн хурц арслан Цэндоогийн Түвшин­төр агсны хөвгүүд болох улсын начин Т.Энхтуяа, аймгийн хурц арслан Т.Энх­тайван нар юм. Тэр хоёр маань дөрвөн жилийн өмнө хорвоогийн мөн бусыг үзүүлсэн аавынхаа дурсгалыг хүндэтгэн, төрсөн нутагт нь бэсрэг наадам хийхээр бидний хэдэн нөхдийн хамт нутгаа зорьсон нь энэ байв.

Баян-Овоо хүртэл 700 гаад километр явж байж хүрнэ. Амьдралдаа ийм холын замаар тийм ч олон явж үзээгүй надад туулах зам урт, очих газар хол санагдан бэрхшээх хэдий ч их говийн тухай шүлгэн магтуу, ижий говийг хайрласан дуун түрлэ­гийг сонсох тусам тэнэгэр говьд сэтгэл татагдан яарах нь сонин.

Манай машины хөгжим ажиллаагүй болохоор нэг машинд хамт явсан Монголын радиогийн нэвтрүүлэгч Эрдэнэбаатар алс замд “амьд араажав”-ын үүрэг гүйцэтгэлээ. Мань хүн

Шархтай гөрөөс нь

Элсээ цустахгүй гэж

Цусаа долоож эдгэдэг говь

Сайхан бүсгүйчүүд нь

Эрээ гутаахгүй гэж

Бүсээ чанга бүсэлдэг говь

Нар ёроолд нь харваж үзээгүй

Худгийн ус нь

Ховоо дагжим хүйтэн

Сар тээглэж хонодог цохио

Газрын хадан эвэр

Уулсын орой нь халуун гэх юм уу, эсвэл

Санаа алдахад

Эхийн сүү тагнайд амтагдаж

Салхины үзүүр залгихад

Агь хоолойд аргасан

Боржигоны бор тал минь гэж ирээд л говийн шүлгийг харин ч нэг урсгаж өгнө дөө. Хажуугаар нь сэтгэл хөдөлсөн бусад нь,

Элсэн говийн хөрсөнд

Эгнэж ургасан гоёонууд  гэж ирээд л говийн замд яваа улс шиг дуулж гарах.  

Төвийн аймгуудаар явахад мянганы замаар салхи татуулан давхих сайхан ч Дундговь хүртэл дэржигнэх овон товонтой замыг давчихвал ч зөөлөн элсэн дээр зурсан юм шиг зассан говийн зам тэрнээс нэг их дутахгүй юм билээ.

Үдшийн бүрий тасрахын үед хотоос хөдөлсөн бид унтаж нэг, сэрж нэг явсаар өглөөний шаргал нарнаар сая нэг суурин газрын бараа харж, Дундговиор дайраад хөдөллөө. Замынхаа дунд орж байгаа нь тэр. Баян-Овоо хүрэх замд таарах говийн сумдын нэг болох Цогт-Овоо бидний яарч сандралгүй саатсан эхний газар гэж болно. Говийн­хоныг тал шигээ тайван холын зочдод найрсаг улс гэдэг. Тийм хүмүүсийн эхнийх нь манай Сэдээгийн /Аймгийн заан Р.Сэд­дорж/ эмээ ээж Амаагийнх байв.

Тэнэгэр говийн нэгээхэн уудамд хонь, ямаагаа хотлуулж, тэмээн сүргээ гэр тойруулан бэлчээсэн эгэлийн эгэл амьд­рал тэнд байлаа. Наснаа­саа илүү жавхаатай, нар, говь хоёр шигээ налайсан говийн хөгшин биднийг дуу алдан угтав. Ингэний хоормог залги­лаад эргэж харахын завдалгүй борцтой шөл пор хийлгэж орхих Амаагийн гарын хоол амттай гэж ярих юмгүй. Багадаа эмээ­гийнхээ гараас алгаа тосон хүртдэг байсан ааруул, хуруудыг Амаа яг л тэгж тараасан нь холын замд яваа миний хамгийн их сэтгэл хөдөлсөн мөч байв. Нэг л өөр сайхан амттай, тос даасан говийн ааруул, ингэний хоормогийг эднийд л анх амталж үзлээ. Бөхчүүд явааг дуулаад Амаагийнтай хамт намаржиж байгаа Най­маа­­хүү гуай тэднийхээр орж ирэв. Дөрөв­дүгээр анги төгсөөд малын зах бараадсан Наймаа ах олон жил наадмаар дүйз хөтөлжээ. Хамт явсан Дундговь аймгийн арслан А.Алтан­хуягийг сайн танихгүй ч хэдэн онд аймагтаа түрүүлснийг нь асуугаад л нэр, ус, удам судраар нь хэлж орхих нь наад захын жишээ. "Та нарыг чинь зурагтаар сайн үзэж чаддаггүй юм. “Араажав”-аар л сонсоно. А.Алтанхуяг арслан таныг энэ жилийн наадмаар начин болох нь гэж үгүй ээ, мөн их горьдлоо. Х.Мөнхбаатар золиг дөрвийн даваанд аваагүй бол ч, ээ дээ мөн ч зоригтой барил­даж байсан юмсан. Энэ жилийн наадмаар би өөртөө нэг таамагтай суусан ухаантай. Завхан аймгийн Идэр сумын харьяат Ширбазарын Жаргалсайхан арсланг, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат Баттулгын Соронзон­болдыг, Архангай аймгийн Хашаат сумын харьяат Чимэдрэгзэнгийн Санжаа­дамбыг, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Төмөрбаатарын Санчир арсланг гарцаагүй улсын начин болно гэж бодож байлаа" гэж ирээд л арав гаруй залуу аймаг, цэргийн цолтны нутаг, ус, овог нэрийг дуржигнатал уншиж орхиод, “Би ч бөхийг нэг юм гадарлана аа” гэж хөөрөх. Тэгснээ хүүхэд шиг гэрээдээ гүйж, наадмын дүйз хөтөлсөн, заримынх нь хуудас сэмэр­чихсэн эгээ л хадганд боож хадгал­даггүй байгаа гэмээр хэдэн дэвтэр авчирч, дахиад л наадам ярина. Хөөрхий, хотод ирээд Бөхийн өргөөнд орохыгоо хамгийн том мөрөөдөл нь юм шиг санадаг ийм хөгшид хөдөөд олон бий дээ.

Амаагийнхаас хөдлөөд 100 гаруй кило­метр явсны дараа Цогтцэций суманд шөнө хагаслан хүрлээ. “Өндөр дов”-ын хоолны газар таараад өнгөрсөн Ардтүмэн гэж залуу манай хэдийн дотны найз байж. Ачааны тэрэгтэй ард дагаж явсан өнөөх маань харин аль хэдийн Цэцийд оччихсон айраг цагаа зэхээд, адууны мах тогоо дүүрэн чаначихсан хүлээж байх нь тэр. Хот, говь хоёрын дунд таарсан хоёр дахь танил маань халуун говийн хат суусан сайхан эр байлаа. Яарсан биднийг явах нь мөдгүй болтол саатуулж орхисон шинэ танилын яриа манайхныг баахан хөгжөөв. “Ардын эрх” дээр нэрээ нэг гаргачих юм биш байгаа, “Ардын эрх”, Ардтүмэн гээд адил­хан сонстож байгаа биз гэж ирээд л тоглоом, шоглоом болгон суусан андын маань даага биднийг буцахад сумын­хаа хичээлийн жилийн нээлтийн уралдаанд айрагдаад бөөн баяр үлдсэн дээ.

Биднийг Цэцийд байх зуур Баян-Овоо­гийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Эрдэнэчулуун байнга залгана. Мань хүн сумын гуанз, зочид буудал, унаа машин гээд дарга, цэрэггүй бүгдийг нь бэлэн байдалд оруулчихсан бололтой. Бүх юм жин тан гэсэн утгатай үгс дайж, Баян-Овоо хүртэл хэд ч утасдав даа, сүүлдээ тоогоо алдсан.

Өмнөговь аймгийн Баян-Овоо сум. Хан­гайн дийлэнх сумдаас одоо орос цэргүүдийн барьсан тоосгон байшингууд нурж унасан, хүн ам нь шилжиж нүүсэн зутруу төрх ажиглагдаад байдаг болчихсон. Харин говийн сумд тэднээс арай өөр. Сумын захиргаа, эмнэ­лэг, зочид буудал, хүнсний дэлгүүр, сургуулийн намхан цагаан байшингуудыг хараад анх буйдхаан сум юм гэж харах ч анзаарч удвал тэнд дутуу юм үгүй. Цомхон бөгөөд цэвэрхэн.

Тэртээх уудам говьд энэ жил сайхан зун болжээ. Намар өнгийхтэй зэрэгцэн шаргалтан байдаг алс тал энэ жил хангайн­хаас дутахааргүй ногоон “тэрлэг”-ээр гоёсон байв. Аймгийнхаа хурц арслангийн дурсгалд зориулсан наадамд зориулж Баян-Овоогийнхон бэлтгэлээ жин тан болгожээ. Наадмын талбайд шинэхэн зассан асар, майхан дэрвэж, унаач хүүхдүүд сумын төвөөр нэг гийнгоон дуу хадаана. Баян-Овоо Өмнөговийн бусад сумдаа бодвол цөөн өрхтэй. Ойролцоогоор 1600 орчим хүн амтай гэнэ. Сумынхны нэлээд хэсэг нь ноолуураа тушаахаар хөрш сумдыг зорьсон, нөгөө хэсэг хүүхэд, багачуудаа сургуульд нь оруулахаар аймаг, хот руу хөдөлсөн учир хөл хөдөл­гөөн бага байв. Говьд харин эр, эм, хөгшин, залуугүй бүгд улаан, цэнхэр ЯВА-нуудыг ч унаж өгөх юм билээ дээ. Мотоцикл жийгээгүй хүн тэнд бараг алга. Уяачид нь хүртэл морь биш мотоцикл унах аж.

Энэ нутгийнхныг наадаж сурсан улс гэдгийг ирэхээсээ өмнө төсөөлж л явлаа. Сэтгүүлч, яруу найрагч Цээнзэнгийн Галдбадрах Баян-Овоогийн уугуул. Галаа ахын хоёр сарын өмнө бичсэн “Миний үзээгүй Хадаатай наадам” гэж нийтлэл надад тийм сэтгэгдэл үлдээсэн юм. Галаа ахын цэрэгт мордоод үзэж чадаагүй тэр наадамд Хадаа аварга очсон юм билээ.

Иш татвал… “Өмнөговь даяар л шуугиад явчихав, намрын азарган бороо­ны түрүүч шиг. Бөх тайлбарлагч “ярьдаг” Гамбаа ах /улсын начин А.Ганбаатар/, халхын домогт Хадаа аварга, улсын наа­дамд түрүүлэн, түрүүлэн алдаж, олны хайрыг татсан “Том” Сүхбат…өөр хэн хэн ч гэнэв дээ баахан бөхчүүд ирсэн л гэнэ. Энэ чимээ дуулианаар барилддаг болгон л, тэднийг балиашигладаг болгон л Баян-Овоо руу хөвөрлөө гэж дуулдана. Наадам дэндүү сайхан болж. Олны салхинаас сонслоо. Хадаа аварга хэн гуайн гэнэв дээ хүрэн морийг унаад морь барианы газар руу айвуу тайвуухан алхуулж явсан гэнэ. Мориных нь хондлой хотолзоод л, унаатай, явган улс хойноос нь өмөлзөн хошуураад л… Чухам нэгэн “Морьтой уул” л явж байсан юм байх…" гэж нүдэнд харагдтал бичсэн байдаг. Яг л энэ наадамд гардаг шиг, тэр нийт­лэлд бичсэн шиг их говийн элгэнд эгэл даруу амьдардаг Баян-Овоо­чууд намрын сэрүү хялбаалсан толго­дынхоо дунд бас нэгэн наадам хийхээр ихэд дог­долсон нь илт байлаа.

Говийг бөх цөөтэй л гэдэг. Баян-Овоо­гийн­хон бол энэ үгний хариуд хэлэх үгтэй. Энэ сумаас алдарт Идэр Дампил аваргаас авахуулаад улсын начин Д.Багахүү, А.Ганбаатар агсан, Т.Энхтуяа нарын гурван сайхан начин төрж гарсан яах аргагүй их говийн хүдэр хүчтэнүүдийн өлгий нутаг. Энэ наадмыг хийх болсон утга учрын эзэн, аймгийн хурц арслан Ц.Түв­шин­төр агсныг, түүний хоёр хүүг говийнхон андахгүй. Аймгийнхаа наадамд гурав түрүүлж, аймгийн аваргад гурван удаа аваргалж явсан Ц.Түвшинтөр арсланг нутгийнхан нь “Олон аймгийн хэмжээний арслан” гэж ярих. Тэр ч үнэн байх. Бас начингийн энтэй арслан гэж олон хүн дурсах. Түүнийг нь улсын цолтнуудыг дархан бусгах мэхээрээ давж, дийлж явсныг харсан нут­гийн­­хан нь гэрчилнэ. Бас тэр чөлөөт бөхөөр шаггүй сайн барилдчихдаг байжээ. 1979 оны улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, их спортын утаа үнэрлэж явсандаа тэр өөрийн хоёр хүүг эртхэн хот руу явуулж, их спортын хүн болгосон нь зөвдсөн.

Аймгийн хурц арслан Ц.Түвшинтөр агсны наадмыг Баян-Овоо сумын алдарт уяач Жуурайдорж агсны хүндэтгэл үзүүлэх ёсонтой хамтатган тэмдэглэсэн юм. Нутаг усныхаа бахархал болсон хоёр буянтны наадамд соёолон, даага насны морьд уралдаж, хүчит бөхчүүд нутгийн ардыг цэнгүүлэв. Соёолон насанд бүсгүй уяа­чийн морь өнгөллөө. Баян-Овоогийнхон энэ жилийн наадмаар морь­дын­хоо түрүүг өөр сумынханд байдгийг нь алдаад, сэтгэл жаахан дундуур байгаа бололтой байсан. Энэ удаад ч гэсэн Цэций, Цогт-Овоогийн уяачдад түрүүгээ алдчих вий гэхээс битүүхэндээ эмээж байгаа бололтой байсан ч нутгийн соёолон түрүү магнай болж, сэтгэл нь илтэд нэг сэргэнэ лээ.

Алдарт Идэр Дампил аваргын төрж өссөн нутаг, Агвааны Ганбаатар агсны амандаа ташуур тулган, бөхийн дуун хадааж өссөн ээрэм говийн дэнжнээ наадсан хүндэтгэл үзүүлэх барилдаан сайхан боллоо. Хүчит бөхийн барилдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, аймгийн арслан Д.Алтанхуяг түрүүлж, сумийн заан Ганзориг үзүүрлэн, аймгийн заан Р.Сэддорж шөвгөрөв. Наадам сайхан боллоо.

Говьд үзсэн анхны наадам. Налгар, шаргал өдрүүдийн гийнгоон дуунд сэтгэлээ сэргээж, намрын урт өдрүүдийн их үдэд бөхийн цэнхэр асар дэрвүүлэн наадлаа. “Ажнай” корпараци, “Хаан” банкны хамт олон ивээн тэтгэж, сумын 1600 ард иргэдийн сэтгэлээ шингээж зурсан Баян-Овоогийн даруухан наадам хуучны болоод шинэ дурсамжийн холбоос болон үлдэв. Амаа­гийнхаа гарын хоолыг, Ардтүмэн андынхаа сайхан сэтгэлийг, өнжөөд буцсан Баян-Овоо сумыг, их бөхийнхөө гэгээн дурсгалд шүтсэн цагаан сэтгэлт ард түмнийг, шинэдийн цагаан саран мэлмэрээнд уярах торгон элсийг, мэндийн шар нарны цацраанд асах алтан говийг мартахгүй ээ. Сэтгэлд элс шиг ээ шаргал гэгээ үлдээсэн алтан говийн нутгаар олон очиж саатна аа.

Б.Бадамгарав /2008.10.04/

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж