МАН-ын гишүүд өнөөдрийн хэвлэлийн хурлаараа онцолсон нэгэн асуудал нь Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийг огцруулах санал боловсруулсан тухай байв. Огцруулах үндэслэлээ МАН-ынхан “Үндсэн хуулийг хоёр ч удаа зөрчсөн” хэмээн онцолж буй бөгөөд “Аймгийн Засаг дарга нарыг батламжлахгүй, түр орлон гүйцэтгэгч томилсон нь Үндсэн хууль зөрчсөн болохыг Н.Алтанхуяг өөрөө ч хүлээн зөвшөөрч, Цэцийн хуралдааны өмнөх орой шийдвэрүүдээ хүчингүй болгосон” тохиолдол нь албан тушаалаас нь огцруулах хангалттай үндэслэл хэмээн тайлбарлаж байгаа.
Ерөнхий сайдыг огцрох асуудалтай холбоотой танхимын бүрэн эрхийн асуудал давхар яригдах бөгөөд энэ асуудлыг тухайн үед нь УИХ олонхиор шийдэх боломжтой гэсэн байна. Одоогийн мөрдөж байгаа хуулиар Ерөнхий сайдыг огцруулахын тулд УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг буюу 19 гишүүн гарын үсэг зурснаар хэлэлцэх боломжтой бөгөөд эх сурвалжийн мэдээлснээр МАН-ын гишүүд өнөөдөр үдээс хойш огцруулах тухай бичигт гарын үсгээ цуглуулж эхэлсэн байна.
Б.ЭНХМАА