Жолооны үнэмлэх хэвлэх ажил ямар байна

Хуучирсан мэдээ: 2013.04.11-нд нийтлэгдсэн

Жолооны үнэмлэх хэвлэх ажил ямар байна

Өнгөрсөн оны зургадугаар сараас эхлэн жолооны үнэмлэхийг хэвлэх ажил зогссон. Учир нь жолооны үнэмлэх хэвлэх гэрээтэй ажилладаг “MDI” компани техник технологийн шинэчлэлт хийх нэрийдлээр 2012 оны зургадугаар сарын 10-наас хойш жолооны үнэмлэх хэвлэх ажлыг цалгардуулж, иргэдийг удаан хугацаагаар хүлээлгэж, чирэгдүүлсэн гэж үзэн ЗЦГ-аас уг компанитай хийсэн гэрээгээ цуцалсан юм. Дараагаар нь жолооны үнэмлэхийн бэлдэц, бүтэц, дагалдах материал, бусад зүйлийг нийлүүлэх тендер зарлан, “Смарт Солюшинз” гэдэг компани шалгарч, ЗЦГ-тай гэрээ байгуулан 2012 оны арванхоёрдугаар сарын 25-наас эхлэн жолооны үнэмлэхийг хэвлэж эхэлсэн. “Өмнөх үйлдвэр хэвлэх машин ганц байсан бол шинээр гэрээ байгуулсан компани гурван хэвлэх машинтай тул өдөрт 2000-3000 жолооны үнэмлэх хэвлэж, хүлээгдэж буй жолооны үнэмлэхийг гуравдугаар сар гэхэд хэвлэж дуусгана” хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж байсан. Гэвч өнөөдөр жолооны үнэмлэхээ гар дээрээ аваагүй иргэд олон байна.

Жолооны үнэмлэх хэзээ хэвлэгдэж дуусах талаар ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн байцаагч, цагдаагийн дэслэгч н.Пүрэвдоржоос тодрууллаа.

-Жолооны курс төгссөн хүмүүс одоо хүртэл жолооны үнэмлэхээ гар дээрээ аваагүй байна. Шинээр үнэмлэх авч байгаа иргэдийн үнэмлэх гарч байгаа юу?

-Одоогийн байдлаар өнгөрсөн оны зургаагаас аравдугаар сарын хооронд жолооны курс  төгссөн төгсөгчид үнэмлэхээ авсан байгаа. Тэрнээс хойшхийг хэвлэж байна.

-Өдөрт хэдэн жолооны үнэмлэх хэвлэж байгаа вэ?

-Өдөрт 500-800 жолооны үнэмлэх хэвлэгдэж байна. Одоогоор шинээр жолооны үнэмлэхээ авч байгаа иргэдийн үнэмлэхийг хэвлэх ажил хэвийн үргэлжилж байна. 

-Тэгэхээр үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн юм уу, ангилал ахиулахаар захиалсан иргэдийн үнэмлэх хэвлэгдэхгүй байгаа гэсэн үг үү?

-Ангилал ахиулах болон жолооны үнэмлэхээ нөхөж авах материалыг хүлээж авч байгаа боловч хэвлэхгүй байгаа. Тодруулбал, тавдугаар сарын 1-нийг хүртэл хэвлэхгүй ч материалыг нь хүлээн авч байгаа. Тавдугаар сарын 1-нээс хойш ахин авах гэж байгаа жолооны үнэмлэхийг хэвлэх болно.

-Жолооны курсээ төгссөн төгсөгчид  жолооны үнэмлэхээ хэзээ гар дээрээ авах юм?

-Тавдугаар сар гэхэд шинээр жолооны үнэмлэх авч байгаа иргэдийн үнэмлэх хэвлэгдээд дуусчих байх. Шинээр авч байгаа жолооны үнэмлэхийг хэвлэж дуусгаад, ангилал ахиулах болон нөхөн авахаар материалаа өгсөн жолооч нарын үнэмлэхийг хэвлэнэ. Тэгэхээр тодорхой хугацаа хэрэгтэй.

М.НАРАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж