Сурагчид техник сэтгэлгээгээрээ өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2013.04.11-нд нийтлэгдсэн

Сурагчид техник сэтгэлгээгээрээ өрсөлдөж байна

Монгол Улсын Гавьяат багш М.Цэрэнхандын нэрэмжит Нийслэлийн техник технологийн XIX олимпиад нийслэлийн 217 ерөнхий боловсролын сургуулийн 628 сурагчдын дунд болж байна. Уг олимпиадад багш, сурагчид технологи зурагзүй, техник спорт, дүрслэх урлаг, дизайн зэрэг нийт 12 төрлөөр оролцож байна. Өчигдөр /04.10/ уг олимпиадын хүрээнд нисэх загварын уралдаан, усан онгоцны загварын уралдаан, авто загварын уралдаан болсон бөгөөд уралдааны дүн өнөөдөр гарлаа.

Төв усан бассейны гадаа талбайд болсон авто загварын уралдаанд 28 сурагч оролцсон боловч техникийн дутуу байдлаас шалтгаалан 14 сургуулийн сурагч өөрсдийн хийсэн машинаа удирдан, бартаат саадыг давж, өгөдсөн даалгаваруудыг биелүүлж байсан юм. Энэ жилийн уралдаанд Mersedes benz g-class загварын автомашиныг 16 дахин багасгасан загвар хийх удирдамж гаргасан байна. Тиймээс хүүхдүүд уг загварын машиныг дуурайлган машины гаднах загвар, араа,  хөтлөгч, суудал, дугуй, бүр хаалганы бариул, хөдөлдөг толийг нь хүртэл хийсэн нь сонирхол татаж байлаа. Алсын зайнаас удирдах удирдлагатай, тоглоомон машинаас эд ангийг нь авч, машиндаа ашигласан тохиолдолд оноо хасагддаг болохоор хүүхдүүд машиныхаа бүх эд ангийг өөрсдийн гараар хийдэг нь тэдний техник сэтгэлгээг хөгжүүлэхэд түлхэц болдог байна. Олимпиадын нэг төрөлд өрсөлдүүлэхдээ онолын шалгалт, тэмцээнээс өгсөн даалгавар, явалт буюу тэмцээний үеийн гүйцэтгэлээр шалгаруулж, дүнг гаргадаг байна. Ингээд уралдааныг дүгнэхэд, авто загварын уралдааны нэгдүгээр байранд 86-р сургуулийн сурагч М.Баярсайхан, хоёрдугаар байранд Монген цогцолборын 11 дүгээр ангийн сурагч Э.Доеддорж, гуравдугаар байранд 17-р сургуулийн сурагч н.Сайханзаяа нар шалгарчээ.

Тэмцээний усан загварын уралдаан Төв бассейнд болсон юм. Тэмцээнд метр гаруй урттай бага оврын усан онгоцноос эхлээд алганы хэмжээтэй усан онгоцнууд ч уралдлаа. Тэмцээний нэгдүгээр байранд 50-р сургуулийн сурагч У.Ням-Очир, "Монгени" цогцолбор сургуулийн сурагч Т.Оюунзаяа, гуравдугаар байранд 20-р сургуулийн сурагч н.Цэдэндорж нар шалгарсан байна.

Харин нисэх загварын уралдаан "Оюуны-Ундраа" цогцолбор сургуулийн задгай талбайд зохиогдсон бөгөөд 16 онгоц оролцсоны найм нь техникийн байдлаас шалтгаалан хөөрч чадаагүй байна.  Одоогоор нисэх загварын уралдааны дүн гараагүй байгаа бөгөөд "Дөрөвдүгээр сарын 15-нд олимпиадын хаалтын үйл ажиллагаан дээр бүх тэмцээний дүнг танилцуулна" гэж Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн С.Амарсанаа мэдээллээ.

Олимпиадад сурагчдаас гадна техологийн багш нар оролцож байгаа. Багш нар онолын мэдлэг, чөлөөт зохиомжоор уран зураг, монгол зураг, арьсан урлал зэрэг хийсэн бүтээлээр болон “Монголын уламжлалт дүрслэх урлагийн боловсрол”, “Орчин цагийн дүрслэх боловсролын тулгамдсан асуудлууд” гэсэн хоёр сэдвээс сонгож, онолын судалгаа бүхий эрдэм шинжилгээний илтгэлээр оролцож байгаа аж. Монгол улсын гавьяат багш М.Цэрэнхандын нэрэмжит Нийслэлийн техник технологийн XIX олимпиадын нэгдсэн дүн дөрөвдүгээр сарын 15-нд гарах бөгөөд шалгарсан багш, сурагч Улсын технологийн олимпиадад оролцох эрхтэй болно. Улсын олимпиад тавдугаар сарын 11-13-нд болох юм.

М.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж