Төрийн банкны экс удирдлагуудыг УМБГ-т шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2013.04.11-нд нийтлэгдсэн

Төрийн банкны экс удирдлагуудыг УМБГ-т шалгаж байна

Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан зургаан хүнийг Улсын мөрдөн байцаах газарт шалгаж эхэлжээ. Тодруулбал, Тус банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Баясгалан, Сангийн яамны Санхүү бодлогын хэлтсийн дарга Б.Батбаяр, Сангийн яамны Хууль эрх зүйн газрын дарга Б.Ганбат, Сангийн яамны Дотоод аудитын газрын дарга Б.Гэрэлмаа, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дэд дарга асан Л.Зориг, Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга Л.Ганбат нарыг шалгаж байна.

Дээрхи ТУЗ-ийн гишүүдийг  “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд танил талын хүмүүст орон сууц олгосон, тус бүртээ 90 сая төгрөг завшсан байж болзошгүй хэрэгт сэжиглэж байгаа юм. ТУЗ-ийн гишүүдийг шалгах тухай мэдээлэл Авлигатай тэмцэх газарт ирсэн ч харъяаллын дагуу УМБГ-т шалгахаар болсон байна.

Өнгөрөгч нэгдүгээр сард Төрийн банкны гүйцэтгэх захирал Ж.Отгонбилэг болон тус банкны ТУЗ-ийн гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Үүний дараа Төрийн банкинд санхүүгийн шалгалт оруулахад ТУЗ-ийн зургаан гишүүн тус бүртээ сайн ажилласны урамшуулал хэмээн өөрсдийгөө 90 сая төгрөгөөр шагнасан байсан нь тогтоогдсон байдаг. Мөн “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд ах, дүү хамаатан, садандаа зургаан хувийн хүүтэй зээл олгосон хэрэгт сэжиглэгдэж байгаа юм.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж