МАН-ын гишүүдийн зүгээс шүүмж үргэлжилж Ц.Нямдорж “2012 оны тавдугаар сарын 17-нд батлагдсан таван зүйлтэй хууль, энэ хуулийн төсөлд 2009 онд засгийн газраас санал авсан. Тэгэхэд Засгийн газар анхааралтай судлах шаардлагатай гэдгийг хэлж байсан. Гэтэл сонгуулийн өмнө гэнэт бужигнуулаад л баталсан. Тухайн үед би Монголд орж ирэх гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлаж байна. Та нар галаар тоглож байна гэхэд Д.Ганхуяг сайд намайг мэддэггүйгээр нь дуудаж байсан. Гэтэл өнөөдөр үүний чинь гор гарч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч сая чуулганд хэлэхдээ гадаадын хөрөнгө оруулалт 60 хувиар буурсныг хэлсэн. Үүнийг би биш Ерөнхийлөгч хэлсэн юм шүү” гэв. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Хуулиас болж хөрөнгө оруулалт унаагүй
Чуулганы хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлийн асуултанд уг хуулиас болж гадаадын хөрөнгө оруулалт уналтанд орж буй гэх санаа байсанд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Батбаяр эсэргүүцэж буйгаа илэрхийлэн “Гадаадын олон оронд зарим салбаруудад гадаадын хөрөнгө оруулалтыг хориглосон заалт бий. Харин манай хуулинд хориглосон зүйл байхгүй. Зүгээр л зөвшөөрлийн системд оруулсан. Хариуцлагаар мэдэгдэхэд, энэ хуулиас болж гадаадын хөрөнгө оруулалт буурсан зүйл байхгүй” гэсэн юм.
Б.ЭНХМАА