Ерөнхийлөгчийн сонгууль чимээлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.04.11-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн сонгууль чимээлж эхэллээ

Энэ оны онцлох үйл явдлын нэг нь яах аргагүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль. Нээлтээ хийгээд удаагүй байгаа хаврын чуулганыхаа анхны нэгдсэн хуралдаанаар УИХ-ын эрхэм гишүүд Төрийн тэргүүний сонгуулийг товлон зарлаж, зардлын хэмжээг нь тогтоож өгөв. УИХ-аас өнөөдөр баталснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг  2013  оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн товлон зарлаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал хураалтыг  2013  оны зургадугаар сарын 26-ны өдөр явуулахаар боллоо. Анхан шатны гэсний учир нь эхний удаа бүх нийтийн санал хураалтаар хамгийн олон санал авч гарч ирсэн нэр дэвшигчийг дараа нь УИХ-аар баталгаажуулдаг. Парламентаар баталгаажуулахыг дараагийн шат хэмээн хуулиар тооцдог. Гэтэл яагаад ч юм чуулганы нэгдсэн хуралдаан дээр М.Энхболд нарын хашир гишүүд “Яагаад анхан шат гэсэн үг оров” гэхчлэн мэдэн будилна лээ.

Өмнөх жилийн УИХ-ын сонгуулийн нэгэн адилаар гадаадад байгаа Монгол Улсын харъяат сонгуулийн насны иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно.  УИХ-аас баталснаар Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар, өөрөөр хэлбэл Монгол Улсын Элчин сайдын яам, консул байрладаг гадаад орнуудад ажиллаж, сурч, аж төрдөг сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг  2013 оны зургадугаар сарын 14-16-ны өдрүүдэд авахаар боллоо. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд 15.8 тэрбум төгрөг зарцуулахаар тогтов.СЕХ-ноос энэ оны гуравдугаар сарын 28-ны өдөр эдгээр товыг тогтоож УИХ-д санал хүргүүлснийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар ёсоор болгон эцэслэн баталснаар парламентад суудалтай улс төрийн нам бүрийн дотор дуншиж байсан Ерөнхийлөгчийн сонгуулийн “оршил” албан ёсоор сэдрэн ил гарах нөхцөл бүрдлээ. Сонгуулийн тов, зарах зардлын хэмжээ инйхүү тодорхой болсноор шинэ он гармагц чимээлж эхэлсэн Төрийн тэргүүний суудлын төлөөх өрсөлдөөн гарааны зурваст дөхөж буй эхний дохиог өгөв.

Төрийн тэргүүний сонгуулийг автомат машинаар, иргэний цахим үнэмлэхээр явуулна. Монголчууд автомат машинаар саналаа өгч сурсан.Өнгөрсөн жил болсон УИХ, орон нутгийн гээд хоёр сонгуулийн саналыг автомат машинаар тоолж, будилаангүй сонгуульдаж болдгийн жишгийг нэгэнт харуулаад байгаа. Нэг сонгогч хэд хэдэн хэсэгт давхар саналаа хураалгаж будилааны  эхийг  тавьдаг байсан бол өнгөрсөн  жилээс  эхлэн  сонгогчид  иргэний шинэчилсэн бүртгэлд орсон гэрэл зураг, хурууны хээгээрээ ганцхан удаа саналаа өгөх эрхтэй болсон.Угаасаа монголчууд юм сурахдаа авхаалжтай болохоор18-тай шинэхэн сонгогчоос өтгөс буурлуудаа хүртэл автомат санал хураалтын машиныг тэр дор нь “эзэмшээд” сурчихсан. Тэгвэл энэ зун Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг энэ аргаар явуулна. Өнгөрсөн 2012 оны сүүлээр баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн шинэ хуулиар сурталчилгааны хугацаа 45 хоног байсныг 10 хоногоор цөөлж 35 болгосон. Түүнийг дагаад явдал чирэгдэл ч багасна.  Бас нэр дэвшигчид өрсөлдөгчдөө гүтгэлэг доромжлолоор булж болохгүй гэсэн зарчмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд барихаар болоод байна. Сонгуулийн сурталчилгааны үеэр нэр дэвшигчид нэг нэгнээ гүтгэсэн төлбөрт материалыг хэвлэлүүдээр дүүргэдэг. Хэрэв Ерөнхийлөгчийн сонгуулиар иймэрхүү зүйлийг хэвлэлд өгөхөөр бол төлбөр хийсэн эзэн нь нэр усаа ил тод, бүрэн бүтэн тавьж байгаад гаргаж байхаар болсон.

Сонуулийн сурталчилгааны үеэр хаа таарсан тарваганы нүхэнд намууд туг далбаагаа хатгахыг хориглох гэж байна. Сурталчилгааны байрандаа, эсвэл сурталчилгаанд унах машиндаа л тугаа намируулах эрхийг Төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшигчдээ  “сойсон” намууд эдэлнэ. Дорж гуайн тагт, Балдан гуайн хашаа, Долгорын мухлагийн оройд хэд гурван төгрөгөөр тугаа мандуулдгийг хориглохоор болов. Намын тугаар бизнес хийж сонгогчдын саналыг худалдаж авдаг үзэгдэл 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ийнхүү төгсгөл болох нь.

Сонгуулийн тов зарласнаар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчөө илгээх эрх бүхий парламентад суудалтай намууд өөр өөрийн хөзрийн захаас сөхөж эхлэв. АН мэдээжээр одоогийн Ерөнхийлөгчөө дахин дэвшүүлэх нь тодорхой. МАН-аас М.Энхболд, Д.Лүндээжанцан, МАХН-аас Ч.Улаан, МҮАН-аас М.Энхсайхан гэсэн нэрс “будаа шигшихэд” сугарч гарч мэдэхээр болоод байгаа дуулдана. ИЗНН ч өөрийн нэр дэвшигчийг гаргаж магадгүй сурагтай.

Ийнхүү улс төрийн тогооны амь халуун өндөрсөх цаг дөхөж Ерөнхийлөгчийн сонгууль чимээлж эхэллээ.

                    Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж