Шүүхээс 2,6 жил хорих ял шийтгүүлэн өдгөө Нэгдсэн хорих 401 дүгээр хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа МАХН-ын дарга Н.Энхбаярын хууль бус хувьчлалын хэрэгт хамсаатан гэгдэх хүмүүсийг Интерполоос дахин эрэн сурвалжлахаар болжээ. Учир Авлигатай тэмцэх газраас Олон улсын цагдаагийн газар буюу Интерполд Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг, НИТХ-ын дарга асан Т.Билэгт нарыг эрэн сурвалжлах хүсэлтийг албан ёсоор илгээсэн байна.
НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг Н.Энхбаярын хэргийг шалгаж эхлэх сургаар гадаад руу эмчилгээнд явсан гэгддэг ч одоогоор түүнийг хаана амьдарч байгаа талаарх мэдээлэл байхгүй байгаа юм.
Сануулахад, Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас сэжигтнээр татан, Интерполын байгууллагатай хамтран өнгөрсөн 2012 оны аравдугаар сараас эхлэн эрэн сурвалжилж байсан юм. Гэвч Хууль зүйн дэд сайд Ж.Эрдэнэжамъяны захидлаас үүдэн дээрх хүмүүсийг эрэн сурвалжлах ажиллагааг түр зогсоогоод байсан юм.
Д.ЖАРГАЛ