Цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэх шаардлагатай гэв

Хуучирсан мэдээ: 2013.04.11-нд нийтлэгдсэн

Цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэх шаардлагатай гэв

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд болох Б.Бат-Эрдэнэ, Ж.Эрдэнэбат, Д.Сарангэрэл, Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Д.Оюунхорол нар дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох шаардлагатай хэмээн үзэж байна. Энэ нь өнөөдөр үүсээд байгаа эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын Засгийн газар цалин, тэтгэврийг үе шаттай нэмэгдүүлж ирсэн” гэв. Тухайлбал, 2008 онд 20 хувь, 2010 онд 30 хувь, 2012 оны хоёрдугаар сард 80 мянган төгрөгөөр, 2012 оны тавдугаар сард 23 хувиар цалин, тэтгэвэр, тэтгэмжийг тус бүр нэмэгдүүлж байжээ. Мөн Хүний хөгжлийн сангаар дамжуулж уул уурхайн баялагаас бий болсон орлогыг иргэдэд олгосон. Нийт 800 гаруй тэрбум төгрөгийг иргэдэд олгосон. Гэтэл Шинэчлэлийн Засгийн газар цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхгүй гэсний зэрэгцээ, уул уурхайн баялагаас иргэдэд хувь хүртээгээгүй. Үүнийгээ тэд “Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх бүрийд инфляци өсч, үнийн хөөрөгдөл бий болгодог. Гэтэл өнгөрсөн хугацаанд Шинэчлэлийн Засгийн газраас цалин, тэтгэврийг нэмэгдүүлээгүй, үнийн өсөлтийг хязгаарлах зорилгоор тодорхой хөтөлбөр хэрэгжүүлж, 740 тэрбум төгрөгийг аж ахуйн нэгжид олгосон атал бараа, бүтээгдэхүүний үнэ тогтворжсонгүй, эсрэгээрээ өссөн. Нэг үгээр хэлбэл, МАН Засгийн газрыг удирдаж байхдаа цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмж, уул уурхайн баялагаас иргэдэд 800 тэрбум төгрөгийг олгосон бол Шинэчлэлийн Засгийн газар цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлсэнгүй. Харин хэдхэн аж ахуйн нэгжид 740 тэрбум төгрөг олгосон. Ийм арга хэмжээ авсан ч энэ оны эхний гурван сарын байдлаар инфляци 11.3 хувьд хүрсэн үзүүлэлттэй байгаа. Инфляци ийн өсөх нь дундаж амьдралтай иргэд, дунджаас доогуур орлоготой иргэдэд хамгийн хүндээр тусдаг” хэмээв.
 
УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын хувьд, “Шинэчлэлийн Засгийн газарт цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх бололцоо бий хэмээн хэлж байна. Учир нь Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдан ажилласан үеэс төрийн албан хаагчдын орон тоо данхайж, өмнөхөөсөө 80 хувиар шахам нэмэгджээ. Тэдэнд цалин олгож болж байгаа учраас тэтгэвэр, тэтгэмж, цалинг нэмэгдүүлэх бололцоотой” хэмээн харж буй аж.

Мэдээлэгчид хийгчэд мөн нэг зүйлийг онцолсон нь “Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд оролцох үеэрээ “Төрийн албаны орон тоо нэг л  хүнээр нэмэгдвэл би Ерөнхий сайдын албанаасаа шууд огцорно” хэмээн мэдэгдэж байсан. Харамсалтай нь, энэ амандаа хүрээгүйгээр үл барам төсвийн зардлыг хэд дахин өсгөж, төрийн албаны бүтэц орон тоо бусад зардлыг хэт их данхайлгаж, үрэлгэн бодлого барьж байна” хэмээлээ.

Дээрх нэр бүхий гишүүд төрийн албан хаагчдын цалин болон тэтгэвэр,тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай асуудлаар Засгийн газарт үүрэг өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачилснаа удахгүй УИХ-д өргөн мэдүүлэх юм байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж