Сонгуулийн зардлыг батлах тогтоолын төслийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2013.04.11-нд нийтлэгдсэн

Сонгуулийн зардлыг батлах тогтоолын төслийг дэмжлээ

Энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлах тухай УИХ-ын тогтоолын төслийг дөнгөж сая хэлэлцэж баталлаа.

Дараа нь “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээний тухай саналаа энэ оны гуравдугаар сарын 28-ны өдөр Улсын Их Хуралд ирүүлснийг Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 9-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна.

Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын хэмжээг 15.8 тэрбум төгрөг байхаар санал ирүүлжээ. Уг асуудлыг Төсвийн байнгын хороо өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэлэлцээд Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлсэн санал, дүгнэлтдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийн дагуу Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулинд сонгууль явуулахад зориулан 17.2 тэрбум төгрөг баталсан тул уг тогтоолын төслийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн байна.

Байнгын хорооны хуралдаан дээр гишүүн Р.Бурмаа Сонгуулийн ерөнхий хорооны ирүүлсэн саналын зарим зардал нь үндэслэлгүй байгаа тухай, гишүүн Р.Гончигдорж Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн зардлыг Төрийн байгуулалтын байнгын хороо сонгуулийг хуулийн дагуу зохион байгуулах, таатай явах боломжийг бүрдүүлэх талаас нь хангах нь зүйтэй гэсэн санал хэлжээ. Түүнчлэн байнгын хорооны дарга болон санал гаргасан гишүүд төлөвлөлтөд аудитын дүгнэлтийг оруулах нь зүйтэй гэсэн санал гаргасан байна. Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны ээлжит сонгуулийн улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 15.8 тэрбум төгрөг байхаар Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжиж “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй гэж үзжээ. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан үг хэлсэн гишүүн Р.Бурмаа Сонгуулийн ерөнхий хороо үндэслэлгүйгээр өсгөсөн зардал оруулж ирж байна, иймээс төсвийн төлөвлөлтөд аудит хийлгэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэллээ. Гишүүн Ц.Нямдорж түүнтэй адил саналтай байгаагаа хэлэв.

Ингээд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжлээ. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд 15.8 тэрбум төгрөг зарцуулахаар болж байна. Тогтоол батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд сонгуулийн зардлын төлөвлөлт, явц, гүйцэтгэлд нь аудит хийлгэх нь зүйтэй гэдгийг сонгуулийн төв байгууллагын удирдлагад анхаарууллаа.

Эх сурвалж. www.open.parliament.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж