![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2013/4/4f6bf6bad64a9bcb/0e5d07ce40f3fa89original.jpg)
Чуулганы энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар нийт найман асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга танилцуулах үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч Н.Энхболд үг хэлэх зөвшөөрөл хүсээд УИХ-ын Байнгын хороодын бүтэц, бүрэлдэхүүнтэй холбогдсон хуулийн төслийг өнөө маргаашийн хуралдаанаар хэлэлцэх санал гаргав. Ажлын хэсэг уг хуулийн төсөл дээр ажиллаж хэлэлцүүлэхэд бэлэн болгосон гэдгийг тэрээр хэллээ. Мөн тэрээр энэ сарын 5-ны өдөр Сүхбаатарын талбайд болсон жагсаал цуглаанаас Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хандаж шаардлага гаргасныг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт хүргүүлсэн. Харин УИХ-ын даргад гардуулж өгөх боломж гараагүй гээд уг шаардлагыг гардуулж өгөв.
МАН-ын бүлгийн ахлагчийн гаргасан саналтай холбогдуулан УИХ-ын дарга хэлэхдээ, Байнгын хороодын бүтэц, бүрэлдэхүүний тухай төслүүд одоогоор байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэгдээгүй байгаа учраас нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулах боломжгүй. Иймээс эхлээд байнгын хороод дээр ярилцах хэрэгтэй гэлээ.
Ингээд хэлэлцэх асуудлын дарааллын дагуу эхлээд Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг танилцуулах тухай асуудал хэлэлцэж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зоригийн танилцуулгыг сонсов. Шүүхийн тухай хуулийн дагуу Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүдээс нууцаар санал хураахад шалгалтад хамрагдсан 35 хүний 24 нь тэнцэж, сонгон шалгаруулалтад орсон байна. Иймээс Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32,2 дахь хэсэгт заасныг үндэслэн Мишигийн Батсуурь, Батаагийн Батцэрэн, Дамдины Ганзориг, Дашдоржийн Мөнхтуяа, Готовдоржийн Цагаанцоож, Баттогоогийн Цогт, Дашхүүгийн Цолмон, Хуушааны Эрдэнэсувд нарын найман хүнийг Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилуулах саналаа УИХ-д танилцуулж байгаа юм байна. Энэ асуудлыг өчигдөр болсон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж нэр дэвшигчдийг бүгдийг нь дэмжсэн юм.
Нэр дэвшигчдийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Шүүхийн ерөнхий зөвлөл нэр дэвшигчдийг шинэ хуулийн дагуу оруулж ирж байна уу, хуучин хуулиар уу. Хэрвээ шинэ хуулийн дагуу бол бусад шүүгчдийг хэзээ томилох вэ гэдгийг асуухад Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг “Дээд шүүхийн найман шүүгч хуучин хуулийн дагуу орж ирж байгаа. УИХ-аар баталсан шинэ хууль энэ сарын 15-аас хэрэгжинэ. Тиймээс хуулийн дагуу бусад шүүгчдийг 2013 оны 11 дүгээр сарын 1-ний дотор сонгон шалгаруулж томилно” гэсэн хариулт өгөв. Гишүүн Д.Тэрбишдагва сүүлийн үед нэр дэвшигчдийг чуулганаар бөөндөж оруулж ирж томилсон болдог дутагдал давтагдаж байгааг шүүмжлээд цаашид шүүгчид нэр дэвшигчдийг нэг удаад гурваас илүүгүйг оруулж ирж байх нь зүйтэй юм. Тэгвэл нэр дэвшигчдээс асууж тодруулах боломж гарах байх гэсэн санаа хэллээ. Харин гишүүн З.Баянсэлэнгэ тодорхой хэргийн талаар нэр дэвшигчдээс асуулт асуусан нь хуулиар хориотой гэдгийг УИХ-ын дарга сануулсан юм.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын танилцуулгатай холбогдуулан гишүүн З.Баянсэлэнгэ, Д.Лүндээжанцан, Д.Тэрбишдагва, О.Баасанхүү, Д.Ганбат, Х.Тэмүүжин, Ц.Оюунбаатар нар үг хэлж, хууль, шударга ёсыг дээдэлж, хараат бусаар ёс зүйтэй ажиллахыг нэр дэвшигчдэд захилаа.
Эх сурвалж: www.open.parliament.mn