Энэ тоглолтыг “Иберийн хойгийн хөлбөмбөгийн тулаан” гэж нэрлэсэн нь бий. Өнөө шөнө Испанийн Каталон үндэстний бахархал “Барселона” талбайдаа Францын нийслэлийн “Пари Сен-Жермен” багийг хүлээн авна. Энэ хоёр багийн өмнөх тоглолт “ПСЖ”-ийн талбайд болж, 2:2-ийн харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн. Гэхдээ “Барса” эсрэг багийн талбайд хоёр гоол оруулсан гэдгээрээ давуу талтай. Мөн өнөө шөнийн тоглолтыг талбай дээрээ буюу “Камп ноу” цэнгэлдэхдээ 98 мянган хөгжөөн дэмжигчийнхээ өмнө тоглох нь давуу тал нь байж болох юм.
Өмнө нь “Барса”, “ПСЖ” 1994-1995 оны Аваргуудын лигийн шөвгийн наймд таарч байжээ. Тухайн үед эхний тоглолт “Барса”-гийн “Камп ноу” болж, 1:1-ийн харьцаатай өндөрлөжээ. Хариу тоглолтод Францын “ПСЖ” баг талбайдаа өрсөлдөгчөө 2:1-ийн харьцаатай хожин цааш шалгарсан байна. “ПСЖ” дараагийн шатдаа Италийн “АС Милан” багт хожигджээ.
Ингээд хоёр багийн талаарх зарим сонирхолтой баримтаас хүргэе.
-“Барселона” сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Аваргуудын лигийн шөвгийн наймын шатны тоглолтод 16 гоол оруулжээ.
2008-2009 онд “Барселона” 4 – 0 “Байерн”
2009-2010 онд “Барселона” 4 – 1 “Арсенал”
2010-2011 онд “Барселона” 5–1 “Шахтёр”
2011-2012 онд “Барселона” 3-1 “АС Милан”
- “Барселона” сүүлийн гурван жилийн хугацаанд Аваргуудын лигийн тэмцээнд талбайдаа хожигдоогүй байна. Каталон үндэстний нэр төр “Барселона” хамгийн сүүлд 2009 оны аравдугаар сарын 20-нд ОХУ-ын “Рубин”-д ялагджээ. Түүнээс хойш “Барселона” өөрийн талбай “Камп ноу” цэнгэлдэхдээ Аваргуудын лигийн 20 тоглолт хийснээс 16 удаа хожиж, дөрвөн удаа тэнцсэн байна.
Харин Францын “ПСЖ” түүхэндээ хоёр дахь удаагаа Аваргуудын лигийн шөвгийн наймд шалгараад байна. “ПСЖ” ийнхүү хоёр удаа шалгарахдаа Аваргуудын лигийн шөвгийн дөрвийн төлөө “Барселона”-тай хоёр дахиа учраа таарч байна. Өмнөх учраандаа “Барселона”-г буулгаж авсан түүхтэй.
- Гэвч “Барселона” сүүлийн таван улирлын турш Аваргуудын лигийн шөвгийн наймд өрсөлдөгчөө буулган авсан.
- “ПСЖ” баг энэ улиралд “Аваргуудын лиг”-т 19 гоол оруулсан. Энэхүү 19 гоолоо бүгдийг нь торгуулийн талбай дотроос оруулжээ.
- Харин Лионель Месси 59 гоолтойгоор Аваргуудын лигийн бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтад хоёрдугаарт бичигддэг. Мессигийн өмнө “Реал”-ын домог Раул Гонзалес Бланко 71 гоолтой байна.
- Өнөөдрийн тоглолтод “Барселона” багийн Хорди Алба, Адриано, Алекс Сонг, Пике нар шар хуудас авбал дараагийн тоглолтыг өнжинө. Харин “ПСЖ” багаас Эзикель Лавесси, Тьяго Силва шар хуудас авбал дараагийн тоглолтоо өнжих юм.
- Хамгийн сүүлд 2008-2009 онд “Барселона” багийн “Камп ноу” цэнгэлдэхэд Францын “Олимпик Лион” зочилжээ. Энэхүү тоглолтод “Барселона” тухайн үеийн Францын хамгийн хүчирхэг баг “Олимпик Лион”-ийг 5:2-ийн харьцаатай хожсон юм.
Италийн баг үеийн үед Германчуудын эсрэг тоглодог. Энэ хоёр багийн эхний тоглолт Германы “Байерн Мюнхен”-ий талбайд болж, 2:0-ийн харьцаатай талбайн эзэд илүүрхсэн. Хариу тоглолт өнөөдөр Италийн Турин хотын “Ювентус” багийн талбайд болно. Өнөөдөр зочин “Байерн” багийн хувьд хоёр давуу талтайгаар тоглоно. “Байерн”-чууд эхний тоглолтод 2:0-ийн харьцаатайгаар хожиж, давуу талыг бий болгосон. Мөн тэд улирлын үлдсэн тоглолтын үр дүнгээс үл хамаарч Германы Бундеслигт түрүүлэх нь тодорхой болсон билээ. Тэгэхээр “Байерн” лигийн тоглолтод бус зөвхөн Аваргуудын лигийн цомын төлөө тоглоно.
Энэ хоёр баг 2005 оноос өдийг хүртэл Аваргуудын лигийн тэмцээнд таван удаа учраа таарчээ. Үүний гуравт нь “Байерн”, нэг удаад нь “Ювентус” хожиж, нэг удаа тэнцсэн байна.
2005-10-19. “Байерн” 2-1 “Ювентус”
2005-11-03. “Ювентус” 2-1 “Байерн”
2009-10-01. “Байерн” 0-0 “Ювентус”
2009-12-09. “Ювентус” 1-4 “Байерн”
2013-04-03. “Байерн” 2-0 “Ювентус”