СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн Австралийн Парламентын Сенатын танхимын гишүүн, парламент дахь Австрали-Монголын найрамдлын бүлгийн дарга хатагтай Кирстен Леверморийг өнөөдөр хүлээн авч, уулзав.
Хатагтай Кирстен Левермор сонгуулийн үеэр сонгуулийн тойрог, хэсэгт ажилладаг төрийн албан хаагчдыг хэрхэн сонгож, ажлыг нь урамшуулдаг болон сонгуулийн зардал, улс төрийн намуудын санхүүжилт, зарцуулалтад хэрхэн хяналт тавьдаг, сонгуулийн бус үеэр сонгогчдын мэдлэг, боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хийж буй ажил зэрэг Монгол Улсын сонгуультай холбоотой өргөн хүрээтэй асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан байна.
Мөн тэрээр сонгуулийн автоматжуулсан системийг хэрхэн сонгож, ашигласан талаар мэдээлэл авсны сацуу мэдээллийн технологийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, түүний дотор сонгуулийн автоматжуулсан системийг үзэж, сонирхлоо.
Хатагтай Кирстен Левермор Монгол Улс ардчиллыг маш амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд ялангуяа сонгуулийн ардчилал, шинэчлэлийг богино хугацаанд амжилттай хийж байгааг олон улс нааштай үнэлж, хүлээн зөвшөөрч байна гээд энэ оны есдүгээр сард болох Австралийн парламентын сонгуулийг ажиглах Монголын ажиглагчдыг урьж байна гэдгээ илэрхийллээ гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.