Нөхөн олговор олгоход 222 тэрбум төгрөг хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2013.04.10-нд нийтлэгдсэн

Нөхөн олговор олгоход 222 тэрбум төгрөг хэрэгтэй

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны гишүүд өчигдөр Уул уурхайн яамны үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү уулзалтын үеэр Уул уурхайн стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу Геологи, уул уурхайн салбарын бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилт яамны бодлого үйл ажиллагааны талаар Байнгын хорооны гишүүдэд танилцуулсан. Уул уурхайн яамнаас хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл сонссоны дараа Байнгын хорооны гишүүд сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Урт нэртэй хуулийн хэрэгжилт, явц байдлын талаар тодруулсан юм. Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүүгийн тайлбараар бол урт нэртэй хуулиар хилийн заагт 242 тусгай зөвшөөрөл багтсан байна. Үүнээс 163 тусгай зөвшөөрлийн эзэмшигч нөхөн олговор нэхэмжилсэн. Үүнд 222 тэрбум төгрөг шаардагдах аж. Гэхдээ энэ дүнг хөндлөнгийн аудитаар баталгаажуулах шаардлагатай юм байна. Учир нь энэ мөнгийг төсвөөс гаргах боломжгүй гэнэ. Ер нь бол хөрөнгө мөнгөний асуудлаас болоод хуулийн хэрэгжилт зогсонги байдалд орсон. Мөн 66 аж ахуйн нэгж нөхөн олговор нэхэмжлээгүй тул лицензийг хүчингүй болгожээ.

Харин Уул уурхайн сайд хэлэхдээ “Урт нэртэй хуулийн асуудалд УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороотой хамтарч ажиллах шаардлага үүссэн. Сонгуулийн үед урт нэртэй хуулийн тусгай зөвшөөрлийн талбай буюу хил хязгаарыг нэмэгдүүлэх тогтоолыг дахин гаргасан. Тусгай зөвшөөрөлтэй талбайн зарим хэсэг хилийн гадна гарсан тохиолдол ч бий. Тиймээс энэ тогтоолд хил хязгаарыг тогтоох нөгөө талаасаа байгаль орчны нөхөн сэргээлтээ хийгээгүй аж ахуйн нэгжийн нөхөн төлбөрийн хэмжээг багасгах боломж бий” гэлээ.

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Байгаль орчны нөхөн сэргээлт хийсэн уул уурхайн хэдэн компани байгаа, нөхөн сэргээлт хийгээгүй уурхайд ямар хариуцлага тооцож байгаа талаар мэдээлэл авахыг хүссэн юм. Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү “Ашигт малтмалын газар нь Байгаль орчин, ногоон хөгжлийн яамтай хамтарч 20 аймгийн нутагт шалгалт явуулсан. Ингэхэд уул уурхайн эзэнгүй орхигдсон 4256 га талбай байгааг тогтоосон. Гэхдээ манай яамнаас санаачлан улсын төсвөөс нэг тэрбум төгрөг гаргаж, эзэнгүй орхигдсон талбайг мэргэжлийн байгууллагаар нөхөн сэргээлт хийлгэхээр болсон. Энэ ажил цаашдаа үе шаттайгаар үргэлжлэн хийгдээд явах болно. Мөн ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүрээнд 22752 га талбай уул уурхайн зориулалтаар хөндөгдсөн. Үүнээс өнөөдрийн байдлаар 9100 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийгдсэн. Энэ дотор 4175 га-д биологийн нөхөн сэргээлт хийгдсэн. Үлдсэн талбайд одоогоор аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байгаа цаашдаа нөхөн сэргээлт хийгдээд явах болно ” гэлээ.

Энэхүү уулзалтын үеэр Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогыг УИХ-аар яаралтай батлуулах, уул уурхайн салбарын хөгжлийг бүс нутгийн хөгжилтэй хэрхэн уялдуулж ажиллах талаар Байнгын хорооны гишүүд, Уул уурхайн яамныхантай санал бодлоо солилцлоо.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж