Ц.Нямдоржийг Х.Баттулгаас уучлалт гуйхыг даалгав

Хуучирсан мэдээ: 2013.04.10-нд нийтлэгдсэн

Ц.Нямдоржийг Х.Баттулгаас уучлалт гуйхыг даалгав

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулга УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг нэр хүндэд халдсан хэргээр шүүхэд өгч, маргаан шийдвэрлэгдэхгүй жил шахмын хугацаа өнгөрч байгаа билээ. Тэгвэл энэ маргааныг өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд дэнсэлж, шүүх бүрэлдэхүүн УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ор үндэслэлгүй мэдээлэл цацаж, Х.Баттулгын нэр хүндэд халдсан гэж үзсэн байна. Тиймээс шүүхээс Ц.Нямдоржийг өмнө нь худал мэдээлэл цацсан аргаар буюу хэвлэл мэдээллийнхнийг байлцуулж, Х.Баттулгаас уучлалт гуйх шийдвэр гаргажээ.

Хэргийг сануулахад, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг өнгөрсөн 2012 оны гуравдугаар сарын 21-нд  хэвлэлийн бага хурал, "Сайд ба сэтгүүлч" хэмээх телевизийн ярилцлагад орохдоо Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулгыг олон тэрбум ам.долларын өртөгтэй төмөр зам барих гэрээг нууцаар байгуулсан хэмээн мэдэгдсэнээр маргаан эхэлсэн байдаг. Х.Баттулга гишүүн үүнийг гүтгэлгийн чанартай мэдээлэл цацсан гэж үзэн, нэр төрөө сэргээлгэхээр Хан-Уул дүүргийн шүүхэд гомдол гаргасан. Энэ дагуу Хан-Уул дүүргийн шүүхэд 2012 оны тавдугаар сарын 18-нд гомдлыг хэлэлцээд, Х.Баттулгын нэр төрийг сэргээж, Ц.Нямдоржийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр уучлал гуйхыг даалгасан билээ. Харин Ц.Нямдорж гишүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Нийслэлийн шүүхэд гомдол гаргасан боловч Нийслэлийн шүүх түүний гомдлыг хэрэгсэхгүй болгож, Х.Баттулгын нэр төрийг сэргээсэн Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан. Улсын дээд шүүхэд энэ хэргийг өнгөрсөн аравдугаар сарын 2-нд хэлэлцээд, хэргийг анхан шатны шүүхэд буцаасан. Гэвч өнгөрсөн сарын 7-нд болсон шүүх хурлын үеэр Ц.Нямдорж хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлэх хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авснаар ийнхүү өнөөдөр тус дүүргийн шүүхэд хэлэлцэж, шийдвэр гаргалаа.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж