Хуучирсан мэдээ: 2013.04.10-нд нийтлэгдсэн

Асуухаас бүү ай!

Хүссэн юмаа олж авах нэг арга бол асуух арга юм. Тиймээс мэдэхгүй,
чадахгүй зүйл гарвал санаа зоволгүй тэр бүгдийгээ бусдаас асууж сурах нь
зүйтэй.

Бусдаас туслалцаа гуйх, асуух зэрэг нь тийм хялбар байдаггүй учраас  олон хүмүүс хүссэнээ асууж чаддаггүй.

Асуух нь эвгүй, айдастай байдаг.

Жишээ нь: Цалингаа нэмүүлэх талаар зөндөө бодсон ч даргаасаа
асуух гэхээр асууж чаддаггүй. Харин зориглоод асуусан тохиолдолд
цалингаа нэмүүлж мэднэ.


Сургалт семинар дээр эсвэл хэн нэгэнтэй ярьж байх үед ойлгомжгүй
зүйл гарахад ичээд асууж чаддаггүй тохиолдол их гардаг. Заримдаа аз
таарч хэн нэгэн асууж лавласнаар асууж чадаагүйгээ мэдэж авдаг.  Энэ
тохиолдолд тэр хүнд баярлах сэтгэгдэл төрдөг гэж болно.


Бид ихэвчлэн “үгүй гэвэл яана аа, эвгүй байдалд орвол яана аа,
уурлавал яана аа” -г.м. олон “яана аа”-нуудаас болоод  оюун ухаандаа хий
 хоосон бодол ургуулан зураглаж өөрсдийгөө шаналгаж,  зовоодог.

Зөвхөн асуусан тохиолдолд л мэдэх гэснээ мэдэж авна. Юу асууна
түүнийгээ л хүртэнэ гэсэн үг.  Асуугаагүй тохиолдолд “юу хэрэгтэй вэ?”
гэдгийг хэн ч мэдэхгүй.  Тиймээс яагаад хүссэн бүхнээ асуухгүй гэж?

Асууснаар онох уу гэхээс биш алдахгүй. Муугаар бодлоо гэхэд л  ”үгүй” гэдэг хариулт авна.

Мэдээж “за” гэдэг хариултыг асуух болгондоо  авахгүй ч, асуугаагүй бол “за” гэдэг хариултыг  хэзээ ч сонсохгүй шүү дээ.

Ойлгоогүй бол “ойлгосонгүй ээ!  Дахин тайлбарлаж өгнө үү” гэж асуу.
 Та асуулт асууснаар нөгөө хүндээ мэдлэгээ дэлгэрэнгүй хуваалцах сайхан
боломжийг нээж өгч байна гэж бодох хэрэгтэй. Бас асууснаар нөгөө хүний
ярьж буй зүйлийг  анхааралтай сонсож, түүнийг нь мэдэж авах хүсэлтэй юм
байна гэдэг гоё мэдрэмжийг төрүүлдэг.

Ямар ч хүн “үгүй” гэж хэлэх бүрэн эрхтэй. Тэглээ гээд сэтгэлээр унах
хэрэггүй. Өөр хүнээс асуу. Мэдэж автлаа дахин дахин асуу. Бүү шантар. Юу
хүсч байна түүнийгээ л асуу!

Хайсан хүн олно, асуусан хүн авна.


Хэн нэгэн “үгүй” гэж хариулахад, “за” гэдэг хариулт руу нэг алхам ойртлоо гэж бод.

Тиймээс өнөөдөр хүссэн зүйлээ асуух дадлыг эзэмшицгээе!

Энэ долоо хоногт

  1. Өөрийнхөө асууж чадахгүй байгаа 3 зүйлийг ол.
  2. Түүнийгээ асуу.
  3. Тэр тухайгаа эргэн орж ирж надтай доор хуваалцаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж