Ноолуур авах, зарах захиалгын тоо ойролцоо байв

Хуучирсан мэдээ: 2013.04.10-нд нийтлэгдсэн

Ноолуур авах, зарах захиалгын тоо ойролцоо байв

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж дөрөвдүгээр сарын 5-нд анхны туршилтын арилжаагаа эхлүүлсэн бөгөөд түүнээс хойш ажлын өдөр бүр арилжаа хийж байгаа юм. Өнөөдрийн хувьд, нэг богц буюу 10 кг ноолуур 682. 540 төгрөгөөр худалдах биржийн ханшийг тогтоосон байна. Биржид өнөөдөр нийт 35 захиалга ирсэний 19 нь авах, 16 нь зарах захиалга байв. Уг саналуудын дүнд  4,650,568,000 төгрөгийн  68 тонн 340 кг ноолуур худалдах, худалдан авах саналын хэлцлийг хийлээ. Ийнхүү 4.6 гаруй тэрбум төгрөгийн хэлцэл хийгдсэнээс биелэх арилжааг одоогийн байдлаар тодорхойлох боломжгүй бөгөөд ноолуур худалдах, худалдан авах талууд ХАА-н биржийн Клиринг, төлбөр тооцооны албаар дамжуулан дээрх хэлцлийг бодит болгох ажээ. 

ХАА-н биржид 32 брокер үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн бол өнөөдрийн байдлаар долоон брокерийн компани хэлцэл хийлээ. Арилжааны анхны өдөр авах захиалга их байсан бол өнөөдрийн арилжаагаар авах, зарах захиалга тэнцүү болох хандлага харагдаж байна.

Ноолуурыг биржийн аргаар худалдаж буй уг арилжаанд оролцохын тулд “Тэди” төвийн замын эсрэг талд “Хишиг” төвийн гурван давхарт биеэр очиж харилцагч болох хэрэгтэй юм байна. Ийнхүү хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржийн арилжааг нийслэлээс брокерын ажилтнуудаар дамжуулан  зүүн гурван аймгийг хамруулж хийж байгаа бөгөөд арилжааны түүхий эд нь эхний ээлжинд ноолуур юм. 

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж