Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм цолоор энгэр мялаасан яруу найрагч Ү.Хүрэлбаатар талархлын тоглолтоо хийх гэж байгаа билээ. Тиймээс тэрээр өнөөдөр тоглолтынхоо талаар хэвлэлийн бага хурал хийсэн юм. Уг хуралд Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, “Харанга”-ын Х.Лхагвасүрэн болон тоглолтыг зохион байгуулж байгаа бусад хүмүүс оролцлоо. “Миний дуу-Миний аз жаргал” хэмээн нэрийдсэн яруу найрагч Ү.Хүрэлбаатарын талархлын тоглолтод Ардын жүжигчин А.Долгор, Ш.Чимэдцэеэ, Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Б.Сарантуяа, Т.Ариунаа зэрэг Монголын рок поп, нийтийн дууны одод чуулж, ая дуугаа өргөх юм байна. Яруу найрагч З.Хүрэлбаатарын шүлгийг нь бичсэн 360 гаруй дуу дуулагдсан бөгөөд энэ удаагийн тоглолтод түүний шилдэг гэсэн дуунууд багтжээ.
“Миний дуу-Миний аз жаргал” тоглолт “UB palace”-ын их танхимд энэ сарын 12, 13-ны өдөр 19.00 цагт болох юм.
Т.ДАРХАН