-2012 оны ажлын үр дүнгээр улсад тэргүүлсэнд баяр хүргэе?
-Аймгийн Засаг даргын дэргэдэх ХХААЖДҮГ нь аймгийн гол эдийн засгийн салбар учраас бүх чиглэлийн зорилтуудыг жигд биелүүлж ажиллалаа. Тухайлбал мал эмнэлэг, мал аж ахуй, жижиг дунд үйлдвэр, хоршоо бирж, үндэсний худалдааны үйлдвэрлэл, газар тариалан гээд олон талын үйл ажиллагаа манай газарт харъяалагддаг. Энэ хүрээнд Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээлийн бодлогоор ажлын байрыг нэмэгдүүлсэн, мал сүргийн тоо 2012 онд 540 мянгаар өссөн, үр тарианы үйлдвэрлэлтийн байдалд ахиц гарсан зэрэг ажлуудыг онцлон үнэлж, бидний ажил үйлсийг урамшуулсанд баяртай байна.
-Өвөрхангай аймагт хаваржилтын нөхцөл байдал ямар байна?
– Аймгийн хэмжээгээр өвөлжилт хүнд байсан. Нийт сум цас ихтэй, түүнээс найман сум зудын байдалд өвөлжлөө. Гэсэн ч зуншлага, бэлчээрийн гарц сайхан, мал тарга тэвээрэгтэй байсан учраас хорогдол гайгүй өнгөрлөө. Аймгийн хэмжээнд хоёр сая 970 мянган мал хаваржиж байна. Бусад аймгуудтай харьцуулахад доод үзүүлэлт нь юм. Засгийн газарт нөхцөл байдлаа танилцуулж ажлын хэсгийг газар дээр нь ажиллуулсан. Аймаг орон нутгаас эрүүл мэнд, мал эмнэлгийн үйлчилгээ, өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэх, зам даваа гаргах зэрэг зохион байгуулалтын арга хэмжээг цаг алдалгүй шуурхай авч ажилласан. Үүний дүнд хохирол харьцангүй багатай давсан. Мөн хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдээс малчдад сэтгэл санааны болон эд материалын тусламж, дэмжлэгийг байнга үзүүлж байлаа.
Энэ хавар нийт нэг сая 170 мянган мал төллөхөөс 30 гаруй хувь нь төллөсөн мэдээ байна. 1.8 сая ихэр төл бойжиж байгаа. Цаг агаар хүйтэвтэр, салхитай ч нийт нутгаар нойтон цас орж, мал сүрэг эрт ногоо идэх боломж бүрдээд байна.
– Отроор явсан малчид эргэж ирж байгаа юу. Малчдад тулгамдсан асуудал, бэрхшээл хэр байна вэ?
– Булган, Дундговь, Төв аймгуудад малчид отроор өвөлжсөн. Малаа бүрэн төллүүлчихээд ирэх чигтэй байна. Аймаг дотроо говийн сумдуудад оторлосон малчид мал төллөхөөс өмнө хаваржаандаа буух хүсэлт тавьсан тул зам даваа гаргах, цас цэвэрлэх ажлуудыг олны хүчээр хийсэн.
Эх сурвалж: www.polit.mn