Бааварын өмгөөлөгч болон ар гэрийнхэн ШШГЕГ-аас түүний камерын өрөөнд бие засч байгаа бичлэг болон бусад баримтыг олон нийтэд дэлгэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд цагдан хорих 461 дүгээр ангийн удирдлага, албан хаагчдыг Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд шалгуулахаар ханджээ. Тэд хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдийн асуудтад хариулахдаа “Хэдийгээр ШШГЕГ, хорих ангийн удирдлагуудад гомдолтой байгаа боловч тэдэнд энэ хэргийг улстөржүүлж, хэн нэг хүнтэй тооцоо бодох шалтгаг болгохыг хүсэхгүй байна. Энэ хэргийн улмаас Хууль зүйн сайдыг огцруулах шаардлага тавьж байгаа нь үндэслэлгүй зүйл” гэдгийг ч мөн хэлсэн юм. Дашрамд дуулгахад, Түлэнхийн төвд эмчлүүлж буй Бааварын биеийн байдал харьцангуй дээрдэж, өнөөдөр анхны арьс нөхөх мэс засалд орсон байна.
Хориход гарсан галын дүгнэлт буруу гэв
ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-р ангийн хорих өрөөнд өнгөрөгч гуравдугаар сарын 23-ны бямба гаригт гал гарч, хоригдогч Баавар /Ш.Батбаяр/ түлэгдсэн. Энэ хугацаанд хорих ангийн тусгаарлах өрөөнд гарсан галын дүгнэлт гараад байгаа ч галын дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа тухайгаа Бааварын өмгөөлөгч Л.Баттогтох, ах Ш.Баярнэмэх, эгч Ш.Уранчимэг нар дахин хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл хийлээ. Өмгөөлөгч Л.Баттогтох “Ш.Батбаярт холбогдох хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1 гэсэн зүйлчлэлээр хэрэг үүсгэсэн. Энэ зүйл заалтад хамгийн дээд тал нь хоёр жилийн ялтай, 3-6 сарын баривчлах, бас торгууль, тэнсч болох зүйлчлэл. Ш.Батбаяр өөрийгөө галдан шатаасан гэсэн дүгнэлт гарсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллээс харахад "Галын дүгнэлт дээр таван шалгуурыг тавьсан. Нэгдүгээрт, гал орны толгой, хана орчмоос гарсан, хоёрдугаарт, галын дохиолол хэвийн ажиллаж байсан, агаарын солилцооны улмаас гал түймэр гарсан, хүний үйл ажиллагаанаас болж гал гарсан гэсэн үндэслэлүүд. Тэгвэл энэ дүгнэлтэд хуулийн хүрээнд няцаалт хийе. Галын дүгнэлтийг нэг л хүн гаргасан. Энэ бол урьдчилсан дүгнэлт болохоос биш бодит дүгнэлт биш. Эрүүгийн хуулинд тусгайлан заасан байцаан шийтгэх хуулийн 165 дугаар зүйл ангид галын дүгнэлт нь өөрөө будлиантай, маргаантай тохиолдолд бүрэлдэхүүнтэй шинжээчийн баг дахин томилох, шинжээчийн тоо гурваас дээш байх ёстой гэж заасан байдаг. Тэгэхээр гурваас дээш хүний бүрэлдэхүүнтэй дүгнэлтэд ямар статустай оролцох вэ гэхээр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, Онцгой байдлын Ерөнхий газар, Түлэнхийн эмнэлгээс мэргэжилтэн оруулах ёстой” гэсэн юм. Түүнчлэн Ш.Батбаяр гавтай байж гал гаргах боломж байсан уу гэдгийг туршилтаар үзүүлэх хэрэгтэй” хэмээгээд гав, дөнгөний байдлыг дүрслэн үзүүллээ. Мөн Ш.Батбаярын эмнэлэгт хүргэгдэж ирэх үеийн зургаас түлэгдэлтийн байдал түймэрт хайрагдсанаас бус, цонож түлэгдсэн нь тодорхой харагддаг. Гарны шуу нь гавтай байсан хэсгээрээ цайрч, түлэгдээгүй үлдсэн нь энэ бүхнийг гэрчилнэ гэсэн юм.
С.ОТГОН