&#34Ах нар&#34 ууртай байгаа гэнэ

Хуучирсан мэдээ: 2013.04.10-нд нийтлэгдсэн

&#34Ах нар&#34 ууртай байгаа гэнэ

Засгийн газрын тэргүүн Бурхан Халдунд төөрч, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ахлуулсан багийнхан Н.Алтанхуяг ба түүний нөхдийг хайн уул самнаж байх зуур Төрийн өмчийн хорооны даргыг түр орлон гүйцэтгэгч Д.Цогтбаатар хэвлэлийнхэнд хандлаа.

Төрийн тэргүүнээ ирж, хайх үйл явдлын сүр бараанд дарагдсан гэж болох түр орлон гүйцэтгэгчийн өгсөн мэдээлэлд Монгол Улсын төсөвт хэдэн зуун сая бус хэдэн тэрбумаар нь  хөрөнгө мөнгө төвлөрүүлж, улсын ч, улстөрчдийн ч саалийн үнээ гэгддэг “Эрдэнэт” тэргүүтэй төрийн өмчийн үйлдвэрүүдийн талаар таагүй баримтуудыг ил гаргасан дэлгэснээрээ  яах аргагүй олны анхаарлыг татахаар байлаа.

Д.Цогтбаатарын өгсөн мэдээллээр “Эрдэнэт” үйлдвэрийн агуулахад 10 тэрбумаар үнэлэгдэх “үхмэл” хөрөнгө хэвтэж байгаа бол “Багануурт”-т 4.2 тэрбум, “Шивээ-Овоо ”-д  560 сая төгрөгийн эд зүйл шороонд дарагдчихсан байгаа гэнэ. Ингэснээр хэвлэлийнхний төрийн өмчийн компаниуд хэзээний л улстөрчдийн шахаа, шархаа нөхөх индэр нь болсон юм биш үү гэх хардлага нийтэд баримт нотолгоотойгоо ил болсон ч, яг хэн гэдэг даргын үед ямар шахаа хийсэн бэ гэдэг асуулт хариултгүй эгээ л оньсого адил үлдэв. Тэгвэл яг энэ үйл явдалтай зэрэгцсэн бас нэг  мэдээлэл түгсэн нь ирэх долоо хоногийн пүрэв, баасан гаригт буюу энэ сарын 18-20-нд Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт” Уулын баяжуулах үйлдвэрийн Зөвлөлийн хурал болох зар юм. Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвын хэлснээр ирэх долоо хоногт манай улс хойд хөршөөс ирсэн зочин гийчний хөлд дарагдах бөгөөд энэ сарын 15-нд Оросоос ирсэн албаны хүмүүс хэдэн жилийн турш маргаан дагуулаад буй манай улсын нутаг дэвсгэр дээр байрладаг өөрийн мэдлийн үл хөдлөх хөрөнгийг яах ийхээ нэг мөр болгох төлөвлөгөөтэй байгаа аж. Үүнээс гадна “Улаанбаатар Төмөр зам” нийгэмлэгийн шинэчлэлийн асуудлыг ч хөндөх сураг байна. Мөн гадуур тарсан яриагаар оросууд Улаанбаатар төмөр замын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Сэрээнэндоржийг жинхлэх эсэх талаар ч ярилцах юм билээ. Гэхдээ энэ удаа Г.Сэрээнэндоржийг жинхлэх биш харин оронд нь АН-ын Д.Одхүүг түүний суудалд залах яриа хөөрөө түлхүү өрнөөд эхэлсэн байна билээ.

15-ны өдөр морилсон зочдын араас ирэх хүмүүс харин “Эрдэнэт” үйлдвэрийн хувь заяатай холбоотой асуудлаар монголчуудтай тулж ажиллах юм. Уул уурхай гэлтгүй энэ салбарыг сонирхдог эрхмүүдийн анзаарч буйгаар энэ удаагийн Зөвлөлийн хуралд Оросоос ирэх төлөөлөгчид тун ч ширүүлж магадгүй байгаа ба энэ нь ч эхнээсээ ил болсон гэдгийг хэд хэдэн эрхэм онцолсон. Тодруулбал, энэ сарын 1-нд ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.В.Самойленко Шадар сайд Д.Тэрбишдагватай уулзах үедээ ийм хандлага гаргасан гэдгийг албаныхан хэлсэн юм. Тэд “ОХУ-аас манай улсад суух Элчин сайд В.В.Самойленко Шадар сайдтай уулзах үеэрээ “Улаанбаатар Төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн шинэчлэлийн асуудлыг хөндөж, та нар шинэчлэл хийнэ хэмээн сүүлийн гурван жил ярьж, төслөө бэлэн болгосон гэх ч өнөөдрийг хүртэл батлаагүй, ямар ч ажил хэрэг болохгүй байна” хэмээн хатуухан хэлсэн гэж байна. Мөн үүнээс гадна “Эрдэнэт” үйлдвэрийг тойрсон үйл явдлууд оросуудын эгдүүцлийг тун ихээр хүргэж буй юм гэсэн. Учир нь, манай Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийн даргын үүрэг гүйцэтгэгч болон газар, хэлтсийн дарга нарыг томилохдоо хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээг зөрчсөн юм байна. Уг нь холбогдох гэрээ хэлэлцээрт заас­наас нь үзвэл дээрх томилгоонуудын талаар манайх орос ах нарт урьдчилж мэдэгдэх ёстой. Хэдийгээр  “Эрдэнэт” УБҮ-ийн дарга асан Ч.Ган­зориг эрүүл мэн­дийн шалтгаанаар ажлаа өгөх хүсэлт гаргасан ч  энэ тухай манай тал оросуудад зайлшгүй мэдэг­дэх, оронд нь томилох хүнийг зөвшилцөх ёстой байжээ. Харин манайхан энэ асуудалд хэт дураараа хандаж, бүр бишээ түр хэмээн молигодоод орлон гүйцэтгэгчийг томилж орхихдоо тэднээс санал аваагүй нь бухимдлыг төрүүлээд юм байх. Иймээс орос ах нар энэ удаад хөмсгөө зангидаж, үүрэг гүйцэтгэгч гэх Ч.Даваацэрэнг жинхлэх эсэх асуудлыг яаж ч шийдэж мэдэхээр байгаа ажээ.  Ер нь энэ удаагийн Зөвлөлийн хурлаар үйлдвэр тойрсон олон ээдрээтэй асуудал сөхөгдөж мэдэх юм гэсэн. Тодруулбал, дээр өгүүлсэн үүрэг гүйцэтгэгч дарга нарын асуудлаас гадна ТӨХ-ны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Цогтбаатарын хийсэн мэдээллийн эргэн тойронд ч олон асуудал хөвөрч мэдэхээр нөхцөл байдал үүсээд буй юм билээ. Учир нь Д.Цогтбаатар “Эрдэнэт” үйлдвэрийн агуулахад байгаа шахааны тухай буюу өмнөх дарга Ч.Ганзориг “Хитачи” маркийн цоо шинэхэн хоёр ширхэг эксковатор зэрэг хэнд ч хэрэггүй, хэн ч тоохгүй “үхмэл” хөрөнгө авсныг дэлгэсэн нь тэдний уур  унтууг хүргэх бас нэг асуудал болж буй гэнэ. Үүнийг орос ах нар аль хэдийнэ анхааралдаа авч араандаа зуусан төдийгүй өмнөх дарга нарын асуудлыг сөхөж мэдэхээр байгаа тухай нэгэн эрхэм өгүүлсэн. Хэрэв түүний хэлсэн үнэн бол “Эрдэнэт” үйлдвэрийн үе үеийн дарга нар буюу Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавын энэ албан тушаалд байхдаа ашиглаж шамшигдуулсан хэмээж байсан 800 мянган ам,доллар, машин техникийн асуудал, УИХ-ын гишүүн асан Б.Наранхүүгийн 10 сая долларын дуулиан гээд бүгдийг хөндөж мэдэхээр байгаа гэнэ. Мөн үүрэг гүйцэтгэгч Ч.Даваацэрэнгийн улс төрийн захиалгатай мэт ээлж дараалсан мэдээллүүд оросуудыг гэдийлгэх магадлал өндөр байгаа гэсэн. Иймээс манай тал энэ асуудлыг анхааралдаа авч, саалийн ганцаа улстөржих талбар болгох биш, сүүлийн үед хийсэн үйлдэл бүрээ залруулах мөн хууль бусаар томилсон Ц.Даваацэрэнг мэргэжлийн хүн, ажил аваад явах чадвартай гэдэг талаас нь оросуудад зөвөөр ойлгуулж дөнгөвөл ах нарын ширвээ зөөлөрч магадгүй юм байна.

Эцэст нь өгүүлэхэд өчигдөр болсон Ардчилсан намын бүлгийн хурлаас Засгийн газарт нэгэн үүрэг даалгавар өгсөн тухай мэдээлжээ. Энэ нь мөн л “Эрдэнэт” гэх саалийн үнээтэй холбоотой бөгөөд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарт Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн өртөг зэсийн үнийг дагаад өсөх болсон. Түүнчлэн үйлдвэрийн борлуулж байгаа зэс болгоны орлогын гуравны нэг нь 170 сая ам.долларын өрөнд суутгагдаж байгааг өнөөдөр мэдлээ. Тиймээс энэ бүхний учрыг олох үүргийг Хууль зүйн сайдад даалгалаа гэсэн утгатай юм байна. Биднийг “Эрдэнэт” тойрсон улс төр ийн хийж  байх зуур орос ах нар цүнхээ шүүрээд ирэх гэж байна. Тэд ууртай байгаа тул “Эрдэнэт”-ийг тойрсон асуудалд яаж ч хандаж мэдэх юм.

Л.ОЮУНГЭРЭЛ

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж