Аваргын тэмдгийн хувь тавилан

Хуучирсан мэдээ: 2013.04.10-нд нийтлэгдсэн

Аваргын тэмдгийн хувь тавилан

Даян
аварга Агваансамдангийн Сүхбат 2001 оны улсын их баяр наадамд
түрүүлснийхээ дараахан Увс аймгийн наадамд зодоглохдоо аваргын тэмдгээ
гээсэн тухай өмнө нь миний бие бичиж байсан билээ. Аваргын Увс аймгийн
наадмын талбай дээр унагасан энэхүү тэмдэг арван жилийн дараа тус
аймгаас аварга цолтон төрөхийн уг үндэс ч болсон байж болох тухай
тэгэхэд бичсэн. Энэ хорвоо дээрх хүн бүрийн үйлдэл хөдөлгөөн бүр өөрийн
гэсэн үйлийн үр, хувь зохиолтойгоо уялдаа холбоотой байдаг гэдэг.
Ялангуяа улсын аварга хүний тэмдэг гээгдэж, түүнийг олсон аймгаас яг
арван жилийн дараа аварга цолтон шууд төрнө гэдэг энгийн гэж хэлж
боломгүй явдал шиг санагддаг.

Ингээд арван жилийн өмнө Увс аймгийн наадмын талбай дээр юу болж, энэ
арван жилийн хугацаанд аваргын тэрхүү тэмдэг ямархуу хувь тавилан
дуудсныг өөрийн өнцгөөс өгүүлье.

А.Сүхбатыг аварга болчихоод тун удаагүй байтал Увс аймгийн наадам
болсон юм. Дархан аварга, хадам эцэг Х.Баянмөнх гарын шавь нараа
дагуулан Увсын наадмыг зорьсны дотор шинэхэн аварга байв. “Жижиг” Сүхбат
монгол бөхийн аварга хэмээх гайхалтай цолыг хүртснийг нь илтгэх тэмдгээ
зүүж явсан ч хөлгүй наадмын хөлд түүнийгээ гээж орхижээ. Гэтэл нэгэн
охин газарт унасан аваргын тэмдгийг анзаарч гэртээ аваачсан байна. Охины
аав аймгийн арслан цолтой хүн тул улсын аваргын тэмдэг бурхны хишиг мэт
санагдаж, нандигнан дээдэлжээ. Ингээд хашир аймгийн арслан нутгийн
алдарт аварга О.Балжиннямд А.Сүхбатын тэмдгийг олсноо хэлсэн байна.
Үргэлж хаш цагаан хөөргөө үнэрлэж, инээмсэглэж суудаг аварга О.Балжинням
болсон явдлыг сонсоод аваргын тэмдгийг А.Сүхбатад эргүүлэн өгөхгүй
байхыг зөвлөсөн гэнэ. Учир нь энэ аваргын тэмдэг Увс аймагт улсын аварга
цолтон хэдэн жилийн дараа төрөхийн дохио гэж ихэд бэлэгшээжээ. Хашир
аваргын хэлснийг аймгийн арслан дагаж, улмаар А.Сүхбатын гээсэн тэмдэг
анх олсон өнөө охины гэрт өдий хүртэл хадгалагдсаар иржээ.

Сонирхолтой нь Улсын их баяр наадмын 70 жилийн ойгоор түрүүлсэн
аварга О.Балжинням 80 жилийн ойгоор түрүүлсэн аварга А.Сүхбатын тэмдгийг
“хадгалж”, улмаар 90 жилийн ойгоор Увсаас шинэ аварга С.Мөнхбат төрсөн
байх юм. Энэ бүхнийг эргэцүүлэн бодоход энгийн нэгэн тохиолдол гэж
хэлэхэд бэрх. Юм бүхэн өөрийн гэсэн учир, үр дагавартай байдгийн жишээ
энэ биз.

А.Сүхбат аварга “Зоос гоёл”-оор аль хэдийнэ аваргын тэмдгээ
дууриалган хийлгэж авснаар өнөөх тэмдгийн араас эрэл сурал болж,
эргүүлэн авья гэж тэгтлээ тэмүүлээгүй орхисон юм байна.

О.Балжинням аварга зүгээр ч нэг аваргын тэмдгийг “хадгалуулаад”
зогссонгүй. Тэрээр Увс нутгаасаа аварга түрүүлүүлэхийн тулд сүүлийн
хэдэн жилийн “Увс нуур” галынхантайгаа наадмын өмнө бэлтгэлд гарч,
залуусын уяа сойлгыг сайтар тааруулж байсан гэдэг.

Сүхбаатарын Мөнхбат хэмээх дайчин, уран барилдаантай сайхан, шинэ
аварга мэндэлсний дараа А.Сүхбат аваргын гээсэн тэрхүү тэмдэг үүргээ
гүйцэтгэсэн гэж үзэж болох биз. Гээсэн тэмдгийг олсон охин аль хэдийнэ
нас бие гүйцэж, Увс нутгаас аварга төрчихсөн тул одоо эзэнд нь эргүүлээд
өгөх эсэх нь сонин. Магадгүй аварга О.Балжинням “Одоо А.Сүхбатад
тэмдгийг нь өгөө” гэвэл хэлснээр нь болох биз.

Ийнхүү гурван аварга оролцсон нэгэн тэмдгийн түүх үргэлжилсээр байна.
Эрт цагт бол домог гэхсэн, энэ цагт болохоор бид өөрсдөө энэхүү
гайхалтай түүхийн гэрч нь болох хувь заяа тохиожээ.

Р.ГЭГЭЭ
Эх сжрвалж: www.NEW.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж