ХХ зуун дэлхий нийтэд урлаг, спорт, шоу-бизнесийн алдартнуудыг мөнхжүүлэх шинэ уламжлалыг бэлэглэсэн бөгөөд өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт бид маш олон “оддын цэцэрлэгт гудамжууд”-тай тааралддаг билээ. Энэхүү гайхалтай уламжлалын үргэлжлэл болох, Монголын орчин цагийн төгөлдөр хуурчдын ур чадварыг илтгэсэн “Төгөлдөр хуурын чуулга” нэртэй концерт нь уран сайхны болон зохиомжийн ер бусын сонирхолтой олон санааг шингээснээрээ хөгжмийн урлагийн амьдрал дахь онцлог үйл явдлуудын нэг төдийгүй, сонсогч олны сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн нь дамжиггүй. Иймээс анх удаа “ансамбль” буюу чуулга хэлбэрээр тоглож сонирхуулсан төгөлдөр хуурчдаа манай “хөгжмийн элитүүдийн од” хэмээн бага зэргийн хэтрүүлэгтэйгээр нэрлэмээр санагдлаа.
Гуравдугаар сарын эхээр тоглосон “Төгөлдөр хуурын чуулга” хэмээх концертыг ХБК-ийн төгөлдөр хуурын тэнхмийн багш Д.Тунгалаг, Д.Бурмаа нар өөрсдийн 13 шавийн хамтаар санаачлан толилуулсан нь манай хөгжмийн амьдралд бүхий л талаасаа сонирхол татахуйц, зөв менежменттэй, шинэлэг содон хэлбэрээр зохион байгуулсан онцгой сайхан тоглолт болж өнгөрсөн.
Багш шавийн насан туршийн нандин холбоог төгөлдөр хуурчдын бүтээлч ажиллагаагаар илэрхийлэхийн хамтаар тэд шүтэн бишрэгчдийнхээ хүлээлтийг, “багш” гэдэг хүн “тоглооч” буюу “концертчин” байх өндөр шаардлагыг мөн өөрсдийн цаг үеэ мэдэрч байгаа гэдгээ энэхүү тоглолтоороо тэд илэрхийлж чадсан.
…Одоо л хөгжмийн урлагт шимтэн дурлагсдад Монголын “Мэргэжлийн төгөлдөр хуурчид”-ын уран бүтээлийн хамтын ажиллагааны үр дүнг “амьд”-аар нь дүгнэж цэгнэх боломж гарч ирлээ. Тэдний гарамгай тоглолт нь “концертчин төгөлдөр хуурчид”-ын ганц зорилго бус харин хөгжмийн зохиолчдын гүн бодол сэтгэлгээний давхаргыг шингээсэн илэрхийлэл болсон юм.
“Төгөлдөр хуурын чуулга” концертыг хөгжмийн алдартай бүтээлүүдээс 4-16 гарт хөрвүүлэн, найрал дуу, бүжиг, цохивор хөгжмийн чуулгатай хамтран тоглосон нь сонсогчдод тэр үдшийн турш төгөлдөр хуурчдын авьяас билгийг бахдах сэтгэгдэл төрүүлсэн гэдэгт миний бие эргэлзэхгүй байна.
Уг концерт И.С.Бах (Вивальди)-ын органд зориулсан концертоос эхлээд П.И.Чайковский, А.Пьяццолла, Д.Мийо, М.Равель, А.Хачатурян, С.Рахманинов, Н.Римский-Корсаков, Н.Жанцанноров зэрэг хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг зөвхөн төгөлдөр хуур хөгжмөөр эгшиглүүлэн танилцуулж байгаа нь манайдаа л шинэлэг содон үйл явдлын нэг болсон юм.
Жишээ нь Францын импрессионист хөгжмийн зохиолч М.Равелийн “Болеро” (1928) гэхэд л «Зүрх догдлуулах ер бусын хүчдэл, түүний хөгжүүлгийг шинэ шинэ хөгжмийн зэмсгүүдээр илэрхийлж буй хоёр сэдэв аялгууны давтагдсан орчинд хувиршгүй олон дахин үргэлжлэх хэмнэлийн хөдөлгөөнтэй хамсарснаар ховсодлын нөлөөлөл үзүүлэх мэт» сэтгэгдлийг төрүүлдгээрээ онцгой алдар нэрийг хүртэж чадсан бүтэн бүрэлдэхүүнтэй найрал хөгжимд зориулсан бүтээл байдаг. Гагцхүү энэ л мэдрэмжийг төрүүлэхийн тулд найман төгөлдөр хуурчийн 16 гарт хөрвүүлэн тоглоход сонирхол татахуйц дэс дараалал, найруулгатай зохиомжилсноос харагдлаа.
Оюун ухаанаараа төр улсаа төвхнүүлсэн гайхамшигт эмэгтэйн тухай өгүүлэх “Мандухай цэцэн хатан” хэмээх бүтээлээ манай нэрт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров энэхүү концертод зориулан хоёр төгөлдөр хуурт хөрвүүлэн бичсэнийг, мөн Монголын киноны хөгжмүүдээс манай залуу төгөлдөр хуурчид өөрсдөө /“импровизаци” буюу “чөлөөт сэтгэмж”/ найруулан тоглоход монгол аялгууны дуулалт эгшиглэгээний гайхамшгийг та бүхэн сонссон биз ээ.
Харин Н.Римский-Корсаковын “Хэдгэний нисэлт” хэмээх утсан хөгжмийн бүтээлийг төгөлдөр хуурчдын 6 гараар тоглоход сонсогчдын сэтгэл хөдлөл хэрхэн догдолж байсан нь ойлгомжтой.
Түүнчлэн Джаз хөгжимд дурлагч, Аргентины хөгжмийн зохиолч А.Пьяццолла–ын «Либертанго» (“Libertango”) буюу “Эрх чөлөөний танго” хэмээх бүтээл нь уламжлалт Танго-ны хэв маягийг сонгодог болон джаз хөгжмийн элементүүдээр баяжуулан, үндсээр нь өөрчилж чадсанаараа гайхагддаг. Танго гэдэг нь эрч хүчтэй, тэгш хэмнэлтэй, чөлөөт зохиомжоор хосоороо бүжиглэдэг аргентин үндэсний бүжиг юм. Судлаач, шүүмжлэгчид “Хэрвээ танго гэвэл тэр нь Пьяццолла” хэмээн тодорхойлсон байдаг.
Тоглолтын хөтөлбөрийг Бах Вивальдийн “Орган хөгжимд зориулсан концерт”-оор эхлүүлэн, А.Хачатуряны “Гаянэ” бүжгийн жүжгийн дайчин, гал цогтой “Сэлэмт бүжиг”-ийг “Цохивор хөгжмийн хамтлаг”-тай тоглосон төгсгөлөөр зохиомжилсон нь үзэгч сонсогчдын халуухан зүрхийг сэтгэл оюунтай нь холбож өгөх мэдрэмжийнх нь нууц оньсыг өдөөж чадсанаараа тун гайхалтай тоглолт болсон гэж үзэж байна.
Хөгжмийн зэмсгийг хэрхэн эзэмшсэнээрээ хөгжмийн зохиол дахь эгшиглэгээний зураглал, өнгө будаг, хэмнэлийн гайхамшгийг илэрхийлэх чадвар хүлээн зөвшөөрөгддөгийг тэд мэдэгдэхүйцээр, хүртэхүйцээр бидэнд үзүүлж чадсан нь энэхүү концертын жинхэнэ “чамин чимэглэл” нь болж чадлаа.
Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд “Концертлогч”- дын тайзан дээрх төгөлдөр хуурчийн нарийн нягт чадвар, хүчлэг /динамик/-ийн дунд ба сул эгшиглэх ялгарамжууд, фразуудын итгэл үнэмшилтэй төгс илэрхийлэл, чамин нарийн педалийн зохицуулалт, элдэв янзын тембрийн гаргалгаа, өнгөний гайхамшиг гэх мэтийн үзүүлэлтүүдээр “пианизм”-ын тэс өөр чанарыг дэвшүүлэн тавих ёстой байсан нөхцөлд төгөлдөр хуурчдын маань механик чадамж уран бүтээлийн сонголтоор далдлагдах зорилго агуулсан мэт харагдсаныг дуулгамаар байна.
Агуу мастер бүр л энгийн зүйлийг төгс зохистой хэлбэрт гаргаж илэрхийлэх нь хэчнээн чухал бас хэцүү гэдгийг хэтэрхий сайн мэддэг учраас тоглоочийн хамгийн чухал, нандин санаа зорилгоо тэдний нэгэн адилаар илэрхийлэн үзүүлэх хэрэгтэй байдаг.
Мэдээж хэрэг “анхны” гэсэн тодотголтой юм бүхэнд мэргэжлийн зүгээс дутуу дулимаг хийгдсэн гэсэн ойлголт байдаг хэдий ч би тэднийг энэхүү томоохон концертыг зохион байгуулахын зэрэгцээ, хамгийн гол нь “Мэргэжлийн сонгодог хөгжмийн урлаг”-ийн үнэ цэнийг рок-поп, хошин урлагийн уран бүтээлчдээс өндөр үнэлэмжтэй байх ёстой гэдгийг батлан харуулж чадсанд нь гүнээ талархаж суулаа.
Томоохон арга хэмжээний ар талын ажлуудад олон бэрхшээл тулгарч байсны нэг нь мэргэжлийн зориулалттай овор, жин ихтэй хөгжмийн зэмсгүүдийг зөөж тээвэрлэх асуудал байсан юм. Гэвч урлагийг дэмжигч, ивээн тэтгэгч олон хүний хүчин чармайлтаар асуудлууд шийдвэрлэгддэг нь тун сайхан хэрэг.
Энэ ялдамд “Алтан тариа” ХК-ийн урлагийг дэмжигч, шүтэн бишрэгч хамт олны тусламж дэмжлэг асар их байсныг дурьдах нь зүйтэй.
“Жинхэнэ урлаг хүмүүст жаргал цэнгэлийг авчирч, тэднийг урам зоригтой болгож чаддагт оршино” хэмээснийг дурьдаад урлагийг бүтээгч, урлагийг дэмжигч хэн бүхэнд, ялангуяа “Төгөлдөр хуурын чуулга” концертоороо мэргэжлийн хөгжмийн урлагийн үнэлэмжийг үзэгчдэд мэдрүүлж, хүртээсэн төгөлдөр хуурчдынхаа ирээдүйн их үйлсэд амжилт ерөөе.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин