БНАСАУ Хятадын жуулчдыг хоригложээ

Хуучирсан мэдээ: 2013.04.10-нд нийтлэгдсэн

БНАСАУ Хятадын жуулчдыг хоригложээ

Хятадын албаныхан өнөөдөр тус улсын аялагч, жуулчдын хувьд Хойд Солонгосын хил хаагдсан болохыг мэдэгджээ. БНАСАУ-тай хиллэдэг Хятадын Даньдун хотын гаалийн албаныхны мэдээлснээр Хойд Солонгосын зүгээс тус улс руу аялал, жуулчлалын журмаар иргэдийг нэвтрэхийг хориглож, зөвхөн бизнесийн зорилгоор хил нэвтрэхийг зөвшөөрөх болсон байна. Үүнээс өмнө Хятадын иргэд Даньдун хотоор дамжин Хойд Солонгос улс руу чөлөөтэй аялж, жуулчилдаг байсан аж.

Түүнчлэн Хойд Солонгосын зүгээс өчигдөр Өмнөд Солонгост амьдарч, аялж буй гадаадын иргэдийг тус улсаас даруй гарахыг анхааруулж, дайн болсон нөхцөлд гадаадын иргэдийг хохироохыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн билээ. Үүний зэрэгцээ Хойд Солонгос өнгөрсөн долоо хоногт  дайн болсон тохиолдолд тус улс дахь гадаадын дипломат ажилчдын аюулгүй байдлыг хангах тал дээр баталгаа гаргахгүй болохоо мэдэгдсэн билээ. Гэхдээ бусад орнуудын зүгээс Хойд Солонгосоос өөрийн дипломат ажилчдаа татахыг яарахгүй, байдлыг түр харзнаж байгаа юм байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж