-Өглөөний мэнд, Ука, “Өдрийн шуудан” сониноос ярьж байна. Уран бүтээл өндөр үү?
-Сайн уу. Уран бүтээл дажгүй ээ.
-Энэ удаа ердийнхөөс арай өөр сэдвээр санаа бодлыг нь сонсох гэсэн юм…
-За, ямар?
-Загварын талаар. Энэ зуны хувцасны загвар, өнгөний сонголтын тухайд фэнүүддээ болон таныг хүндэлж явдаг охид бүсгүйчүүдтэй бодлоосоо хуваалцвал ямар вэ?
-Болно оо.
-Энэ зун ямар хувцас моодонд орох вэ?
-Манайхан загварын тухайд дэлхийн чиг хандлагаас хоцрохоо байсан шүү дээ. Хэн юугаа өмсөхөө сайн мэдэж байгаа байх. Өөрт тохирсон цэвэрхэн сайхан хувцас байхад л болно. Харин өөрийн биеийн онцлог, царай төрх, арьсны өнгөтэй зохицоогүй хувцас өмсөх л юм бол биш болоод ирнэ. Энэ зун хурц тод, тэгсэн хэрнээ хоорондын уусалт сайтай өнгө давамгайлна. Би өөрийн дуртай далайн зөөлөн ногоон өнгийн хувцас өмсөнө гэж бодож байна. Надад ийм өнгө угаасаа таалагддаг, бас миний царайны өнгөтэй зохицдог.
-Та охидод ямар өмд санал болгох вэ?
-Би дахиад л охидууддаа өөрийнхөө биед тохирсон, өө сэв байвал дарсан, цэвэрхэн гоё хувцас л сонгоорой гэж хэлэх байна. Өөрт тань өмсөхөд эвгүй, бусдад тааламжгүй байвал өмсөх гэхийн хэрэггүй. Чөлөөтэй, өөртөө итгэлтэй явахын тулд биедээ тохирсныг л сонго. Тухайлбал энэ жил өмд нэг их хөл барьсан нарийхан байхгүй гэсэн чиг хандлага байгаа юм билээ. Тэглээ гээд өөрийн бие галбирт тохироогүй навсгар өмд өмсөөд яваад байх ямар харагдах вэ. Энгийн хэрнээ зохицол сайтайгаар хувцсаа тохируулж өмсөхөд л болно доо.
-Хувцас үнэтэй байх тусмаа гоё, чанартай харагддаг гэсэн ойлголт байдаг…
-Би тэгж бодохгүй байна. Үнэтэй байлаа гээд зохиогүй бол яах вэ. Ер нь бол хэн ч гэсэн авч байгаа орлого, цалингийнхаа хэрээр хувцас хэрэглэлээ сонгож тохируулдаг шүү дээ.
-Та бол нэлээд үнэтэй хувцас хэрэглэдэг…
-Цалин гайгүй авбал аятайхан хувцас авчихна. Тааруухан байвал юу гэж хамаагүй зарах вэ.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин